Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг Ховд аймгаас эхэллээ. Тэрээр Засгийн газар 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүр өгч байхыг онцгойлон анхаарууллаа. Иргэдээс тавьсан аливаа асуудлыг “Судлая” гэж бөөрөнхийлөн цаг алдалгүй боломжтой, боломжгүйг шууд хэлж байх, гэхдээ аль болох шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстойг анхаарууллаа. Дарга, тухайн албан тушаалтан иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ алхам тутамдаа санаж, тэдэнд үйлчлэх ёстой. Төрийн албыг найзан дундаа хашдаг, дарга, цэргийн ялгаа алдагдсан хавтгай үзэгдлийг таслан зогсоож, зөвхөн хуулийн хүрээнд ажиллах ёстой гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин