Т.САЙХАН
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг мөрдөж байгаа гэсэн. Энэ хэрэг юу болсон бэ?
-Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн Солонгос, Франц улс руу гаргасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан. Уг олдворуудыг Монгол Улсад буцаан авч ирэх талаар холбогдох төрийн байгууллагуудад уламжлан ажиллаж байна.
-Ямар олдворууд байсан бэ?
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэгэхдээ Палентлогийн хүрээлэнтэй хамтран БНСУ болон Бүгд найрамдах Франц улсад очиж ажиллахдаа уг олдворууд нь Монгол Улсын иргэд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг тогтоожээ. БНСУ-ын Сөүл хотын Дээд шүүхээс уг олдворыг Монгол Улсад буцаан олгох шийдвэрийг гаргасан бол Бүгд найрамдах Франц улсын Лион хотын Дээд шүүхээс хуулиар зөвшөөрөгдсөн эзэмшигч нь олдворыг буцаан авах хүсэлтээ гаргах боломжтой талаар албан бичгийг манай улсад ирүүлээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин