Д.БОЛОРМАА
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.

-Та буйдан дээрх МАН-ын жагсагчдыг хараад “Бидний байр солигджээ. Та хэд миний патентыг хулгайлсан байна” гээд инээж зогссон. МАН-ын жагсаалд өөрийн дүгнэлтээ хийсэн биз?
-МАН хэзээ ч сөрөг хүчин болж үзээгүй. Бүх юмыг хүчээр шийддэг, дээрэлхэж дээрэмдэх, хууль зөрчихөөс эхлээд ёстой нэг дураараа дургиж ирсэн нам. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ялагдчихаад ялагдлаа хүлээж чадахгүй, их хүнд байдалтай байх шиг байна. МАН-ынхны хийж байгаа үйлдэл тэр дундаа УИХ-ын гишүүдийн чуулганы танхимын хаалгыг нь таглаад суусан нь маш буруу. Нэгдүгээрт, хууль зөрчсөн үйлдэлтэй. Төрийн ордны тухай хуульд жагсаал цуглаан хийж болохгүй гээд тодорхой заачихсан. Хууль тогтоогч гэдэг утгаараа бусдад үлгэр дууриал болж хуулиа сахих байтал харин ч эсрэгээр аяглалаа.
Хоёрдугаарт, тэдний үйлдэл чуулганы үйл ажиллагааг тасалдуулж байна. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу Монголын ард түмнээс сонгогдсон түшээдийн үйл ажиллагааг тасалдууллаа. Энэ бол Монголын нийгэм, эдийн засагт хортой. Гуравдугаарт, сонгуулиар мөнгө төгрөг тарааж сонгогчдыг өөртөө татсан гэдгийг нь шүүх тогтоосоор байтал өрсөлдөгчийг нь гишүүний тангараг өргүүлэхгүй гэж эсэргүүцсэн нь Монголд шударга ёс тогтоохгүй гэсэнтэй агаар нэг. Энэ утгаараа тэдний хийж байгаа үйлдэл олон зүйлээр буруу. Буруу үлгэр үзүүлж байна. Дөрөвдүгээрт, МАН-ынхан өнөөг хүртэл ардчилал гэж мэддэггүй юм байна. Ардчилал гэдэг чинь ард түмний төлөө тэмцэхийг хэлдэг байхгүй юу. Тэдний буйдан дээрх тэмцэлд ард түмний төлөө гэсэн юм нэг ч алга. Зөвхөн өөрсдийнхөө муу муухайг хамгаалж хайцаалж байна. Тэмцэл бол ардчиллын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, ард түмний сайн сайхны төлөө байх ёстой.
-Та 10 жилийн өмнө чуулганы танхимд эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Түүнтэй адил МАН-ынхан эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм биш үү?
-10 жилийн өмнөх намрын чуулганы нээлтэд суудал дээрээсээ плакат бариад тэмцсэн нь үнэн. Танхим дотроо тэмцсэн байхгүй юу. Ингэхдээ миний тэмцэл үг хэлэхийн төлөө, шүүмжлэхийн төлөө, ард түмний дуу хоолой болохын төлөө байсан. Түүнээс биш МАН-ынхан шиг танхимын гадаа төрийн үйл ажиллагааг цалгардуулж тэмцээгүй. Уг нь тэд УИХ-ын танхим дотор үзэл бодлоо илэрхийлж болно. Даанч хүсэхгүй байх шиг байна. Ингэснээр Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа хүнээс ялгагдахгүй байгааг нуугаад яах вэ.
-Жагсагчид дундаас та Ц.Нямдорж гишүүнийг ихэд онцолж байсан?
-Ер нь МАН-ынхан чинь өөрсдөө жагсаалыг эсэргүүцдэг, нухчин дардаг хүмүүс. Тэр ч байтугай, 2008 оны долдугаар сарын 1-нд буу зэвсэг хэрэглэж ард иргэдээ буудаж шархдуулсан хүмүүс шүү дээ. Одоо тэгснээ гэнэт л УИХ-ыг хуралдуулахгүй болгоод л, Сүхбаатарын талбай дээр жагсчихсан “Хонхны дуу”-г тавьж байгаа юм. “Хонхны дуу биднийг сэрээгээч, бүхнийг сэрээгээч” гээд 1990-ээд оны тэр дууг чинь эд нар үзэн яддаг байлаа шүү дээ. Гэнэт өнөөдөр тэр дуунд хайртай болчихсон байна. Би хэд хэдэн хүний амнаас сонслоо. “Ардчилал гэдэг бол зөвшилцөл” гэж ярьж байгаа юм. Ардчилал гэдэг бол зөвшилцөл гэж арай ойлгож болохгүй. Ардчилал гэдэг бол олонхийн засаглал, ард түмний засаглал. Бид олонхийн засаглалтай улс. Ард түмний олонхи нь Ардчилсан намд саналаа өглөө. Эд нар Засгийн газраа байгуулаад, үүрэг хариуцлагаа хүлээх ёстой болж байгаа юм. Цөөнх нь олонхийн үйл ажиллагааг хянаад, алдаа дутагдал байвал шүүмжилж байх л үүрэгтэй. Тэгсэн чинь заавал тэр цөөнхтэйгөө зөвшилцөх юм гэнэ. Яг үнэндээ МАН-ынхан чинь хонины арьс нөмөрсөн чоно л байхгүй юу. Энэ хүмүүс ардчилал гэж сэтгэл зүрхээрээ мэдрэхгүй, ойлгохгүй хүмүүс. Өнгөрсөн сонгуулиар ард түмэн дүнгээ өгсний дараа гэнэтхэн ардчилагч болсон нь инээдтэй харагдаж байна.
-Нэгэн цагт Ц.Нямдоржийн захиалгаар таныг баривчилж байсан гэдэг. Түүний захиалга юм бол таниас уучлалт гуйх ёстой юу?
-Уучлалт гуйдаггүй юм. Хүчээр барьж хорьсондоо кайф авдаг хүн шүү дээ. Өнөөдрийн байдлаар Ц.Нямдорж нарыг харахаар өрөвдмөөр “баагий”-нууд харагдаж байна. Амьдрах чадваргүй, ялагдаж үзээгүй, бүх зүйлийг хорон муу аргаар хийгээд сурчихсан гэдэг нь харагдлаа.
-Гэхдээ АН-ынхан хүч түрэмгийлсэн байдлаар асуудлыг шийдэх нь гэсэн шүүмжлэл бий. Ярилцаж зөвшилцөж болох шүү дээ?
-Ингэж түрэмгийлсэн байдлаар ажиллахаас өөр аргагүй. 22 жилийн туршид улс эх орныг маань балгас шиг болгож дарласан сүлжээг зөөлөн гараар нураана гэж байхгүй. Тодорхой хэмжээний хүч хэрэглэж, түрэмгийлж байж дарахаас өөр аргагүй. Тэгээд ч тэд нар чинь сайн дураараа байр сууриа тавьж өгөхгүй байна шүү дээ. Өнөөдөр бүлэггүй байна гэж гомдоллоод л байна. Ер нь тэгвэл МАН-ыг бүлэгтэй болгож яах юм. Ажлын садаа болно. Бүлгийн зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх байдаг. Гэтэл үүнийг завсарлага авах хэрэгсэл болгох гээд улайрч байгаа байхгүй юу. Дэлхийн аль ч оронд завсарлага авна гэж байдаггүй. Хэрэв нөгөөхөө хүлээдэг арга чаргыг нь эрээд суучихвал сонгууль явуулж яадаг юм. Хугацаагүй завсарлага гэдэг чинь ардчиллын зарчимд байхгүй. Энэ бол Үндсэн хуультай харшилж байна. УИХ-ын сонгуулиар ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Ялсан намын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гээд уяад суучихдаг механизм байж таарахгүй. Түүнээс биш бүлэгтэй болоод, бүлэг нь завсарлага авдаг нь цөөнхийн хяналт биш. Тэр бол цөөнхийн дарангуйлал. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Би түрүүн хэлсэн, парламентын олонхи нь Засгийн газраа байгуулаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Гэтэл олонхи нь засгаа байгуулаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэтэл цөөнх нь завсарлага аваад, хийж байгаа ажлуудыг нь гацаадаг. Ийм байдал байж болохгүй. Энэ чинь цөөнхийн дарангуйллыг тогтоож байгаа юм. Дэлхийн ямар ч улс оронд парламентын засагтай байна уу, Ерөнхийлөгчийн засагтай байна уу хамаагүй. Цөөнх нь олонхийнхоо үйл ажиллагааг хугацаагүй завсарлагаар зогсоодоггүй. Тийм ардчилсан улс нэг ч байхгүй. Германд очоод үзээрэй. Японд очоод үз, Өмнөд Солонгос, Энэтхэг, Европын орнууд байна. Дэлхийн ардчилсан гэдэг эхний 50 орны парламентад цөөнх нь ямар байдаг юм бэ гэдгийг харж болно. Нэг ч цөөнх Монгол шиг хугацаагүй завсарлага аваад явдаггүй. Хязгааргүй завсарлага авдгийг устгах гэж Ардчилсан нам 2004, 2008, 2012 онд оруулж байсан. Бүгдэд нь МАН “Үгүй” гэж хэлж байсан. Эд нар өөрсдөө дэлхийд байхгүй, хаана ч байхгүй, муухай жишгийг устгахын төлөө явж байгаагүй.
-Та өмнө нь МАН-ынхан засаг барьж байхдаа бусдыг хууль хяналтын байгууллагын хүчээр яллаж байсан гэсэн. Энэ нь таныг бас тойроогүй болох нь. Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа ашигласан гэж?
-Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаасан. Би чинь МАН-ынхны нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах нь байлаа шүү дээ, цагтаа. Тэд намайг гэмт хэрэгт холбогдуулах гээд чадаагүй.
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. “АН-ынхан засаг авсан ч чамд албан тушаал өгсөнгүй” гэж таны хорыг малтах гишүүн байсан. Энэ ч бас оргүй яриа биш. Эсвэл та орон нутгийн сонгуульд хүч үзэх гээд яваа юм уу?
-Орон нутагт хүч үзэх бодолгүй байна. Уг нь өөрийгөө Эрүүл мэндийн сайд болно гэж бодсон юм. Даанч болсонгүй.
-Хөвсгөлийн ард түмэн яагаад сонголтоо өөрчилсөн юм бол. Дүгнэлт хийдэг үү?
-Би Хөвсгөлийн ард түмэнд хэзээ ч гомддоггүй. АН ялагдаж, ардчилал хэцүү байхад бүх цаг хугацаанд би ялж байсан. 12 жилийн туршид төр барилцсан хүн шүү дээ, би. Дандаа сөрөг хүчин байж ирсэн. Яахав, ард түмэн надаас уйдсан байж магадгүй. Эсвэл надаас олон зүйл хүлээгээд тэрийг нь би хийж чадаагүй байх. Мөнгөтэй хүнийг сонгоё гэж бодсон ч байж магадгүй. Ард түмний амьдрал хэцүү шүү дээ.
-Хөвсгөлчүүдийг 12 жилийн турш төлөөлөн ажиллахдаа ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй. Яаж ч бүтээн байгуулалт хийх билээ. Дандаа МАН-ынхан засаг авч байсан юм чинь. Тэд нар л бүтээн байгуулалт хийсэн байлгүй. Харин бүх ард түмний төлөө хүүхдийн мөнгийг өгүүлсэн хүн нь би шүү. Одоо ч гэсэн миний санаачлагаар хүүхдийн мөнгийг дахин өгүүлж байна.
-Ойрын хугацаанд ямар албатай байна. Хувиараа юу?
-Сайн аав, халамжит хань болж байна даа. Үр хүүхдээ өглөө сургуульд хүргэж өгч, орой хичээлийг нь давтуулаад л. Бас өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайханд анхаарч, биеийн тамир, усан спортоор хичээллэж байна. Дээрээс нь явган явсаар байгаад дөрвөн килограмм жин хаясан байна лээ шүү.
-Төрийн төлөө зүтгэхсэн гэсэн бодол бол бий биз?
- Мэдэхгүй юм. Бодсон санасан юм алга даа. 2016 оны УИХ-ын сонгуулиар дахиад нэг үзнэ дээ гэж бодож байна. Тэтгэвэрт гарах арай болоогүй.