Ч.ОЛДОХ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харъяа хорих 429, эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ажиллаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнх нь хүсэлтийн дагуу /2018.3.16/ уулзав.
Ж.Батзандан гишүүн Т.Чимгээтэй биечлэн уулзаж, нөхцөл байдлын талаар сонсчээ. Тэрээр “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагч одоо хүртэл олдоогүй. Гэтэл гүйцэтгэгч гэдэг зүйл ангиар гурван хүн шоронд хоригдоод байгаа.Энд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үндсэн зарчим зөрчигдсөн. Хэрэг дээр ажилласан тагнуул, цагдаагийн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарын үйл ажиллагаа хуулийн хүрээнд байсан уу, үгүй юу гэдэгт Олон улсын парламентын холбоо, олон нийт одоо ч эргэлзэж байгаа. УИХ-аас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг баталсан. Баталсан хуулиа эргээд хянах ёстой. Монгол Улсад хууль хэрэгжих ёстой. Нэг ч иргэний эрх зөрчигдөх ёсгүй. Зөрчигдсөн тохиолдолд бид хамгаалах ёстой”гэлээ. УИХ-ын гишүүн Л.Болд хорих ангид ял эдлэж байгаа хүмүүстэй холбоотой, тэдний тавьж буй хүний эрхийн асуудлыг холбогдох хуулийн хүрээнд тодруулж, Б.Содномдаржаатай биечлэн уулзсан юм. Тэрээр хэргийн мөрдөн байцаалт, хэргийг шийдэх үеийн шүүх хурал зэрэг тухайн үеийн нөхцөл байдалтай холбоотой зөрчлүүдийг хэлж, албан ёсоор өргөдөл гаргахаар болсон гэдгээ Л.Болд гишүүнд хэлсэн байна. Гишүүд хоригдож буй хүмүүсийн ярьсан зүйл, гаргаж буй гомдлын мөрөөр Хүний эрхийн дэд хорооны хуралд танилцуулна гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин