Б.ЭНХЗАЯА

Олон улсын боловсролын байгууллага өнгөрсөн жил манай улсад ажиллахдаа Монголын боловсролын салбарыг дампуурсан хэмээн дүгнэжээ. Учир нь хүүхэд мэдэх ёстой мэдлэгийнхээ хамгийн бага хувийг буюу 30 гаруйхан хувийн үнэлгээтэй гарсан байна. Гэтэл энэ салбарт жил бүр олон зуун тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил нэг их наяд 200 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Салбар яамныхан уг хөрөнгийг үр дүнтэй зарцуулах болсон эхний үйл ажиллагаагаа олон нийтэд дуулгалаа
Тэд хүүхэд багачуудын ирээдүйг өөрчлөх төсөл боловсруулжээ. Муу хүүхэд гэж байдаггүй. Тэд өөр өөрийн гэсэн ертөнцтэй, авьяастай. Авьяасыг нээснээр тэд ирээдүйгээ өөдрөгөөр харна. Энэ нь боловсролын салбарын хөгжлийн гарц хэмээн хөтөлбөрийг зохион байгуулагчид хэллээ. Орон даяар эхэлсэн “Авьяас” хөтөлбөрийн нээлтээс сурвалжиллаа.
НЭЭХ, ИЛРҮҮЛЭХ, ТУУРВИХАД БЭЛЭН ҮҮ?
“Муу сурдаг юм, сахилагагүй, энэ хүүхдэд ямар ч аяьяас байхгүй” гэх үг айл бүрт дуулддаг. Гэхдээ одооноос эцэг, эх та бүхэн энэ үгийг бүү хэл. Хүүхэд бүр өөр өөрийн ертөнцтэй. Хүүхэд тэр ертөнцдөө аз жаргалтай амьдардаг. Гагцхүү тэр ертөнцийг нээхээр эцэг, эх, багш, удирдах байгууллага нэгэн дуунаар нэгдэх ёстой аж. Тэр бол хүүхдийн авьяасыг нээх явдал юм. Боловсрол шинжлэх ухааны сайдын санаачилсан “Авьяас” хөтөлбөр өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийлээ. Хөтөлбөрийг санаачлагч Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Өнөөдрийн нийгэмд хүүхдийн сонирхолыг компьютер тоглоом, телевиз, интернэт татах болжээ. Тэдэнд багшийн хичээл заах, хичээлд суух үе хамгийн уйтгартай болж, тооны ухааны тухай мэдэхгүй байна. Хүүхдүүд төөрөгдөөд байгаа учир нь мухар сүсэг бий болсонтой холбоотой. Бурхан будда бол бүхнийг нээсэн гэж тэд, тэдний эцэг, эх үздэг. Гэтэл өөрт оршин байгаа авьяас чадварыг нээх, хөгжүүлэх тухай ярьдаггүй. Авьяастай, мэдлэгтэй хүнийг бурхан төрүүлсэн гэж итгэдэг, угтаа тэр хүн өөрийнхөө чармайлт, хөдөлмөрийн үр дүнд ийм амжилтад хүрсэн гэдгийг ойлгуулах зорилготой” хэмээн онцлов.
Дөрвөн жилийн турш хэрэгжих энэ хөтөлбөрт монгол хүүхэд бүр оролцоно. Учир нь тэдний нуугдмал авьяасыг нээх нь уг хөтөлбөрийн зорилго юм. Үндэсний хэмжээнд зохиогдож буй уг хөтөлбөрийг урлаг, соёл, спорт зэрэг салбар бүрийн үлгэр жишээ “21 эрхэм” гардан хэрэгжүүлнэ. Тэдний эгнээнд МУГЖ Ц.Цэнд-Аюуш, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр, Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр нарын урлаг соёл, спорытн нэрт зүтгэлтнүүд байв. Тэд мөн 21 сургуульд ажиллаж, өөр өөрийн чиглэлээр хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлж болдгийг үлгэрлэн харуулах аж. Хэл, өгүүлэхүй, уран зохиол, зураг дүрслэл, спорт, бүжиг, тэнцвэр, хөгжим, хэмнэл, тоо, техник, логик харилцаа гэсэн таван чиглэлийг сонгон авч хүүхдийн авьяасыг нээх юм. Тухайлбал, МУГЖ Ц.Цэнд-Аюуш, Яруу найрагч Б.Ичинхорлоо нар хэл, өгүүлэхүй, уран зохиолын авьяастай хүүхдийг нээхэд хувьд нэмрээ оруулах ажээ. МУБИС-ийн технологийн багш Д.Сэрээтэндорж, зураач Эрдэнэбат, Ж.Батбаяр нар дүрслэх урлагийн чиглэлд хүүхдүүдтэй ажиллах гэнэ. ОУХМ Энхбаатар, хөнгөн атлетикийн багш, ОУХМ Амгалан, СУИС-ийн бүжгийн багш М.Мөнгөнцэцэг, 34 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Чулуунцэцэг, волейболын багш Д.Солонго, Биеийн тамирын дунд сургуулийн багш Д.Дамба, жүдо бөхийн дасгалжуулагч Насантогтох, англи хэлний багш Х.Даваахүү, буудлагын спортын тамирчин Х.Алтанцэцэг, олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, спортын мастер, чөлөөт бөхийн тамирчин Дандар, ОУХМ Батсүрэн, “Оч” клубын дасгалжуулагч Мэргэн нар спорт, бүжгийн чиглэлд ажиллана гэж байв. Харин хөгжим, хэмнэлийн авьяасыг нээхэд хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, 116 дугаар сургуулийн хөгжмийн багш Б.Батболд, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажилтан, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэчулуун нар ажиллах юм. Тоо, техник, логик харилцааны авьяастай хүүхдийг нээн илрүүлэхэд амьтан тэжээгч Ц.Одбаяр, зохион бүтээгч Амарбат, шатарчин Гүнбаяр нар ажиллахаар болжээ.
ЦАВ ЦАГААН ЦААСАН ДЭЭР МӨР ГАРГАГЧИД
“Авьяас” хөтөлбөрийн гишүүд гурван шатаар ажиллах гэнэ. Эхний үе буюу энэ сард хүүхдүүдийн авьяасыг нээнэ. Харин 11-3 дугаар сард хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлснээр уран бүтээл туурвиж эхлэх гэнэ. Хүүхэд багачуудын авьяасыг илрүүлэх хүмүүс ийнхүү ярьж байна.
МУГЖ Ц.Цэнд-Аюуш: ХҮҮХДИЙН СЭТГЭЛИЙГ НЬ ӨНГИЙЖ ХАРАХ ЁСТОЙ ЮМ БАЙНА
Би өөрийгөө яасан их азтай хүн бэ гэж бодож байна. Гэхдээ баярлах болоогүй. Энэ бол хариуцлагатай ажил юм байна. Намайг 21 хүн дотор ямар ч зорилгогүйгээр уриагүй байх. Би үүнийг авьяастай хүнийг сонгоод хөгжүүлэх юм байна гэж ойлгосон юм. Гэтэл авьяасгүй хүнийг нээж, сэтгэлийг өнгийж харах ёстой юм байна. Цав цагаан цаас байх ёстой юм байна. Тэр цаасан дээр би мөр гаргах ёстой юм байна гэж ойлгож байна.
Т.Сэр-Од:
АВЬЯАСЫГ НЭЭЖ ОЛОХОД ХЭЦҮҮ, ОЛЖ ЧАДВАЛ ҮР ДҮНГЭЭ ӨГНӨ
Би 1990-1994 он хүртэл багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид сурч байсан. Миний анхны мэргэжил бол хөгжмийн зохиолч биш, хөгжмийн багш мэргэжил юм. Суралцаж төгссөн цаг үеэсээ өнөөдөр хүртэл дунд сургууль, тусгай мэргэжлийн их дээд сургуульд хөгжмийн багшийн мэргэжлээр ажиллаж байна. Энэ авьяасыг нээж хөгжүүлэх, үнэт баялгийг эргэлтэд оруулах, нийгэмд хэрэгтэй байдлаар гаргаж ирэх талаар анхаарч явсан. Яамнаас зохион байгуулж байгаа хөтөлбөр цаг үеэ олсон үйл ажиллагаа юм. Хөгжмийн авьяасыг нээж олоход хэцүү, олж чадвал үр дүнгээ өгнө. Би багшийнхаа хэлсэн нэг зүйлийг одоо хүртэл амьдралдаа мөрдөж явдаг. Тэр “Авьяас билэг, өөрийнхөө ертөнцийг нээж илрүүлнэ гэдэг том үе шат. Дараа нь түүнийгээ хөгжүүлэх, хүн төрөлхтөнд түүнийг зориулах гэсэн гурван шатаар дамждаг. Энэ үед нэг хүний амьдралын хугацаа хүрэлцэх үү, үгүй юу” гэж хэлж байсан. Түүнтэй адилхан хамгийн гол нь авьяасыг нээж илрүүлэх, зөв замаар хөгжүүлэх, тэр авьяас эзэндээ үр өгөөжөө өгнө.
Д.Отгонбаяр:
ХҮН БҮХЭН АЛДАРТАЙ ХӨЖИМЧИН БОЛОХ АЛБАГҮЙ. ГАГЦХҮҮ ЗӨВ ХҮМҮҮЖИЛ ОЛЖ АВАХ ЁСТОЙ
Хүн өөрийнхөө талбарт юу хийж чадах вэ, түүнийг тултал хийх ёстой гэж бодож явдаг юм. Би 1998 оноос хойш цахилгаан хөгжмийн дугуйлан ажиллуулж эхэлсэн. Ингээд ажиглахад авьяастай хүүхэд олон байна. Ялангуяа амьд хөгжимд дурлах хүүхдүүд байна. Тэд миний үеийнхээс илүү чадвартай хүүхдүүд байдаг. Хөгжимтэй нөхөрлөснөөр хүн бүхэн алдартай хөжимчин болох албагүй. Гагцхүү зөв хүмүүжил олж авах ёстой. Энэ хөтөлбөрийг манай рок попынхон дэмжинэ гэдгийг амлаж байна. Тэднийгээ энэ хөтөлбөрт татан оролцуулна гэв.
Б.Ичинхорлоо:
ТАРИА БУДАА ТАРИХТАЙ АДИЛ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГ
Боловсролын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага байсан. Уг арга хэмжээ үр дүнтэй, хүмүүсийн талархал хүлээхээр үйл ажиллагаа боллоо. Үүнийг сэтгэл зүрхээрээ дэмжиж байна. Хүнийг нээж илрүүлнэ, хүний авьяасыг дагуулж өсгөнө гэдэг бол тариа будаа тарихтай адил үр шимийг нь хүртдэг. Энэ нь монголынхоо ирээдүйд хийж байгаа зоригтой хөрөнгө оруулалт, том оюун санааны хувьсгал юм. Хүн бүхэнд өөрийн гэсэн дотор хүн амьдарч байгаа. Юуг сэтгэл таатайгаар хүлээж авахаар таашаалтай хийдэг нь хувь хүний сонголт байдаг. Би номонд дуртай хүүхэд байсан. Тэр чиглэлээрээ явсан. Нэг зүйлээ барьж аваад муу бүхнийг сайхан гэж итгээд унших юм бол номын ертөнцийн хүн болдог.