Д.СҮРЭН
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлээд хоёр сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж, иргэдийн 75 орчим хувь нь өдөр бүр автобусаар явдаг болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, “Нийтийн тээврийн хэрэгслийг автозамын нэгдүгээр эгнээгээр явуулснаар хөдөлгөөнд зарцуулах хугацаа 10-15 минутаар буурсан. Хурд дөрвөн км/цагаар нэмэгдсэн байгаа. Ерөнхий боловсролын 28 сургуулийн 2722 сурагчийг автобусаар тээвэрлэснээр мөн тооны машин хөдөлгөөнд оролцохгүй болсон. Нийслэлийн 65 байгууллагын 1605 албан хаагчийн автомашины хэрэглээг хязгаарласан. Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20 хувиар буурсан” гэж ярилаа. Яваандаа нэгдүгээр эгнээгээр явах нийтийн тээврийн хэрэгслийн замыг Таван шараас Офицеруудын ордон хүртэл уртасгах бололтой. Мөн автомашиныг замын хөдөлгөөнд улсын дугаарын хязгаартай оролцуулж хэвших, төрийн байгууллагуудын гаднах автозогсоолыг иргэд, үйлчлүүлэгчид зориулах, худалдаа, үйлчилгээний томоохон төвүүдийн шинэ цагийн хуваарийг мөрдүүлэхийг тэд хүслээ. Зарим их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөх, сургууль, цэцэрлэгүүдийн орчимд хурд сааруулагч хийх ажлыг үргэлжлүүлснээр замын ачаалал тэр хэрээр буурна гэж тэд үзлээ. Эцсийн шийдвэрийг маргааш болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас гаргах юм.