Э.ӨНӨР
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос орон сууцны талбайн хэмжээнд хяналт тавих талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт санал хүргүүллээ. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-Орон сууцны талбайд хяналт тавих саналыг ШӨХТГ хэрхэн хүлээж авсан бэ?
-Шинэ орон сууцнуудын талбайн хэмжээ дутаж байна, барилгын компаниудын талбайн хэмжилт өөр байна гэсэн иргэдийн гомдлын дагуу ШӨХТГ-ын дарга О.Магнайд орон сууцны үнэ, талбайн хэмжээнд шалгалт хийх саналыг өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн.
-Энэ саналд ШӨХТГ-аас хариу өгсөн үү?
-Тэднийх аливаа саналд судалгаа хийж тодорхой хугацааны дараа хариулт өгдөг. Ямар ч байсан саналыг хүлээж авсан.
-Орон сууцны талбайг хэмждэг стандарт байдаг уу?
-Орон сууцны талбайг хэмжих талаар Барилгын тухай хуульд заасан байдаг. Иргэдээс ихэвчлэн барилгын компаниуд хуульд зааснаас өөр аргаар тооцон мөнгө авч байгаа талаар гомдол ирж байгаа юм. Тиймээс үүнийг холбогдох хуулийн дагуу хэрхэн зөв тооцож олгох талаар ил тод нээлттэй мэдээлэл өгч, бодит зөрчлийг газар дээр нь шалгаж тогтоон, дахин ийм зөрчил гаргахгүй байх арга хэмжээ авахыг хүссэн санал тавьсан юм.