А.ЦЭРЭНДОРЖ

 Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.

 -Гар утасны хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Цагдаагийн байгуул­лагаас хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх аж­лыг эрчимжүүлж байна. Өнгөрсөн оноос эхлэн Эрүүгийн болон Зөрчлийн хууль шинэч­лэн батлагдлаа. Зөрчлийн хуулийн 8.6-д зааснаар 300 мянган төгрөгөөс доош дүнтэй  эд зүйл хулгайлсан бол албадан хөдөлмөр эрхлүүлнэТүүнээс дээш дүнтэй бол эрүүгийн хуулийн заалттай. Нэлээд чанга­руулж оруулж өгсөн нь үр дүнтэй байна. Мөн аливаа хэрэгт яллаж шийтгэж байхаас илүү урдчилан сэргийлж ажиллах нь нэн чухал. Одоогоор халаасны хулгайн гэмт хэргийн 85 хувийг гар утасны хулгай эзэлж байна.

-Алдагдсан гар утас эргэж олдох боломж хэр байна вэ?

-Гар утасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх ажилд цагдаагийн байгууллага бусад төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллаж байна. Удахгүй гар утас алдагдахгүй болох нөхцөл байдал бүрдэнэ. Энэ ажлыг Харилцаа холбооны зохицуулах газар, Үүрэн телефоны оператор, цагдаагийн байгууллагатай хамтраад smartduos.mn шинэ программыг нэвтрүүлж эхэлж байна. Энэ нь  иргэн өөрийнхөө эзэмшиж буй цахим хаяг, утасныхаа дугаарыг бүртгүүлэхэд smartduos.mn программд тань мэдэгдэл ирнэ. Тэр мэдэгдлийн дагуу цагдаагийн байгууллагад хандахад эргээд алдсан утсаа хурдан шуурхай олох боломж бүрдэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин