З.ХҮРЭЛ
Монголын улс төр сүүлийн хэд хоног баахан бужигнав. Олон жил төрийн толгойд данайсан МАН-ынхан гудамжинд гарч жагслаа. Чуулганы танхимын үүдэнд улаан буйдан дээр суулт зарлаж ч үзэв. Энэ ч яахав, нэг, эсвэл хоёр намын асуудал гэж ойлгож болох. Гэвч энэ мэтээс шалтгаалан УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэдэн өдөр саатлаа.
АН, МАН-ын дарга нар хэрэлдээд ч, хэлэлцээд ч байгаа юм шиг дүр зургийг ард түмэн цэнхэр дэлгэцээр хэдэн өдөр харав. МАН-ынхан тусламж хүсэхээр Ерөнхийлөгчийг хайж хэд хонов.
Аргагүй, Ерөнхийлөгч ийм л үед эв нэгдлийг ханган баталгаажуулж ажиллах учиртай. Монголын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг нь энэ билээ.
Гэвч МАН-ынхан Ерөнхийлөгчийг ололгүй хэд хоносон. Тэгж, тэгж уржигдар орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт гарч ирэн МАН-ын дарга нарыг хүлээн авч уулзаад, зөвшилцөх талаар зөвлөж, чадахгүй бол хууль санаачилж тусалъя гэж. МАН-ын дарга нар Ерөнхийлөгчид тун их талархсанаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч улс төрийн намуудын үл ойлголцлын хэд хоногт тун завгүй байжээ. Эх сурвалжийн мэдээ, бас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын хэлснээр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөв хоног анд яваад иржээ. Говь-Алтай руу онгоцоор гахай агнахаар ниссэн гэнэ. Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гахай, чоно авлах тун их хообийтой. Дундговь, Сэлэнгэ, Хэнтий гээд л явж өгнө. Заримдаа их эрсдэлтэй явах нь бий.
Асуудлын гол нь анд явсандаа биш л дээ. Нэг намынхан тэр аяараа жагсаж, суугаад улс оронд хар “Долдугаар сарын 1” дурсагдаж эхэлсэн өдрүүдэд Ерөнхийлөгч хаачив гэдэг нь хамгийн сонин. Бүр, МАН жагсаад эхлүүт Ерөнхийлөгч онгоц хөлөглөөд анд жийгүүлсэн нь хачирхалтай. Огт мэдээгүй, эсвэл ан хөөж явахдаа энэ тухай сонсоогүй л байсан гэвэл түүн шиг худал юм үгүй.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ явдал тэртээ 1999 оныг санагдуулав. Тэр үед Н.Багабанди Ерөнхийлөгч байлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах томоохон ажил эхэлчихсэн, яг шийддэг дээр нь Тэрээр хаашаа ч юм алга болж орхисон. Ерөнхийлөгч эсэргүүцсэн нь тэр. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн бойкот гэдэг энэ ажээ.