-Аймгийн ИТХ-ын 37 суудлын төлөө Архангайд 100 хүн өрсөлдөнө-
Ө.ХҮҮ

Архангай бол 55,3 мянган километр квадрат газартай, 90,1 мянган хүнтэй манай улсын томоохон аймгийн нэг. 26,5 мянган өрх амьдарч буй арын сайхан хангай нутгийн 57 мянган сонгогч ирэх сарын сүүлчээр болох орон нутгийн сонгуульд саналаа өгөх юм.
Нутгийнх нь жалганд юу болохгүй байгааг засч, залруулах үүрэгтэй тул орон нутгийн сонгууль гэдэг УИХ-ынхаас ч илүү ач холбогдолтой. Тиймээс аймаг, сумдын ИТХ-д олонхи болж аймгийн болон дүүргийн Засаг даргын ажлыг авах марафон ид өрнөх гэж байна.
Архангай нийт 19 сум, 99 багтай. Тэгэхээр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-д 37, сумдын ИТХ-д 493 төлөөлөгч сонгогдох ажээ. Тэдгээрт нийт 800 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. СЕХ-нд энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр МАН, АН болоод МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” , МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүртгүүлсэн. Тэгэхээр Архангайд эдгээр улс төрийн субьектээс тойрог бүрт өрсөлдөхөөр нэр дэвшүүлсэн бол дөрвөн хүн бие даан “үзэхээр” болжээ.
Аймгийн ИТХ-ын сонгуулийн хувьд мэдээж төвийн сонгууль хамгаас чухал. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн ИТХ-д хэн ялна, тэр нам Засаг даргаа томилох учраас өрсөлдөөн ширүүн юм. Одоо бол аймгийн ИТХ-д МАН-ынхан олонхи байгаа. Ер нь Архангайд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазартай хамт УИХ-ын сонгуульд дахин санал хураалгахаар болоод байгаа Л.Эрхэмбаяраас өөр АН-аас Засаг дарга болж байсан хүн үгүй юм. Харин энэ удаад АН-ынхан Орон нутгийн сонгуулийг Архангайд С.Ламбаагаар удирдуулж “Э.Бат-Үүлдэх” аргаа хэрэглэхээр нэгэнт шийджээ. Гэхдээ С.Ламбаа Архангайд нэр дэвшээгүй харин сонгуулийн менежерийн ажлыг хийж байгаа аж. АН-ын жагсаалтыг аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүлж буй бол тэдний эсрэг МАН-ын Ё.Баатарбилэгээр удирдуулсан баг хүчтэй зогсч буй юм. Мэдээж Е.Баатарбилэг намынхаа жагсаалтын эхэнд бичигдсэн. МАН, АН-ын аль нь ч энэ удаагийн Аймгийн ИТХ-д хуучин хүмүүсээ дахин нэр дэвшүүлсэн аж. Нийт 37 суудлын төлөө яг 100 хүн нэр дэвшихээр болсноос МАН-аас 37, АН-аас 36, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлээс 24, бие даагчаар гурван хүн өрсөлдөхөөр болжээ.
Орон нутгийн сонгууль ойртох тусам Архангайд газар авч буй яриа нь Архангайн Засаг дарга С.Ламбаа болох тухай гэнэ. Нэгэнт эвслийнхэн МАН-ын суудлаас зулгааж МАН олонхи болох боломжоо алдана, МАН ялагдах учир “Шударга ёс”-той хамтран ажилласан ч АН Засаг даргаа авч чадна гэсэн мессежийг иргэдийн дунд түлхүү илгээж өрсөлдөгчдөө айлгах тактик эртнээс барьж буй бололтой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээр энэ мессежийг улам хүчтэй тараах төлөвлөгөөг ч гаргаж амжжээ. Одоогийн Засаг дарга Ё.Баатарбилэгийг Засаг даргаар ирснээсээ хойш хийсэн ажлаар маруухан гэж нутгийн иргэд ам муутай байдаг учир ирэх орон нутгийн сонгуулийн дараа Засаг дарга өөрчлөгдөх нь тодорхой гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа гэнэ. Ямар боловч Ё.Баатарбилэгийн ажлыг С.Ламбаа авахаар шулууджээ.
