С.УЯНГА
ХОМ ГАРГААГҮЙ БОЛОН ХОЖИМДУУЛСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРИЙГ ЗАРЛАВ
АТГ-аас сэтгүүлчидтэй ээлжит уулзалтаа хийж, хоёрдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд 40.073 төрийн албан хаагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх байсан ч хуулийн хугацаанд 40.067 хүн мэдүүлгээ баталгаажуулсан байна. Мөн төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэхээс 271 нь бүртгүүлжээ. АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт мэдүүлгээ гаргаж өгөөгүй. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн. Тиймээс дээрх зургаан албан тушаалтныг Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэх ёстой” гэв. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуй хэлбэрийг ил болгох юм.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар, мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байна. АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 29.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан бөгөөд шүүхээс 7.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргаснаар 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна.
“АТГ-ЫН ДҮГНЭЛТИЙГ АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС БАТАЛЖ ӨГЛӨӨ”
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас зарласан Авлигын төсөөллийн индексийн дүнгийн талаар “Дэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Монгол Улсын хувьд өмнөх онтой харьцуулахад Авлигын төсөөллийн индексийн оноо 2-оор буурч, байр 16-аар ухарсан. Монгол Улсыг 2017 онд үнэлсэн есөн шалгуур үзүүлэлтээс харахад төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй байна. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразил улсад сүүлийн 6 жил 20 сэтгүүлч амиа алдсан байна. Авлигын төсөөллийн индексийг зарим сонирхол бүхий этгээдүүд АТГ-ын үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ мэтээр олон нийтэд мэдээлэл өгдөг, өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх үүднээс буруу тайлбарладаг хандлага бий. Энэ индексийг тодорхойлоход ашиглаж буй есөн судалгаа нь тухайн орны өрсөлдөх чадвар, засаглалын байдал, хууль эрх зүйн хэрэгжилт, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдал, эрсдэлийг үнэлдэг томоохон судалгаанууд байдаг бөгөөд түүний 1-2 асуулт буюу индикатор нь тухайн улсын тухайн салбарын авлигын нөхцөл байдлыг тодорхойлж байдаг” гэлээ.
17 АЛБАН ТУШААЛТАН ОФФШОР ДАХЬ ХӨРӨНГӨӨ МЭДҮҮЛЖЭЭ
АТГ-аас оффшор бүстэй холбоотой хэрэгт ахиц гарч УИХ-ын хоёр гишүүн, Монгол банкны албан тушаалтан нууц хөрөнгөө мэдүүлснийг хэллээ. Оффшор бүс дэхь хөрөнгөө мэдүүлэх хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дуусах бөгөөд хуулийн дагуу УИХ-ын хоёр гишүүн, Монгол банкны нэг албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлжээ. УИХ-ын нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр нэг албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн. Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна гэлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин