Б.ЭНХЗАЯА

 

Хичээлийн шинэ жи­лийн эхний өдөр 10 га­руй­хан настай охин ээжийн­хээ нүдэн дээр аймшигт ослоор амиа алдлаа гэх мэдээ олон нийтийг цоч­роо­сон билээ. “Радуга” сургуулийн 8-Б ангийн сурагч Б.Есүгэн “Хүн бо­лох багаасаа” гэх Ерөн­хий­лөгчийн заасан теле хичээлийг үзчихээд өөрийн бяцхан оюундаа тун­гаан бичсэн тэмдэглэ­лээ цүнхлээд сургуулиа­саа гарсан. Гэвч хэдхэн хормын дараа өөрийг нь тосч зогссон ээж, дүүтэй­гээ хөтлөлцөөд явган хү­ний гарцаар гарч явахдаа барилгын краны зуурмаг шахагч хоолойд даруулан амиа алдсан юм. Хохи­рогч охины аав өмгөө­лөгчийн хамт өчигдөр мэ­дээлэл хийлээ. Тэрээр “Монгол ёс юм, 49 хо­ногийг нь гүйцээгээд та бү­хэнд хандаж байна” хэмээн учирлав.

 

“ҮҮНИЙГ МАГАДЛАЯ, ТА БҮХЭН ТАЙВАН АМГАЛАН БАЙЦГАА” 

Хохирогч охины аав Б.Батсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон холбогдох хүмүүст захидал хүргүүлэхээр зэхжээ. Гэр бүлийн тэргүүн үр хүүхэд­дээ харам байдаг шиг тө­рийн тэргүүн ард түмэндээ хайртай байх учиртай гэх горьдлого тээн, эцэг хү­ний хувиар захидлаа би­чиж. Ингэхдээ охиныгоо зуур­ма­гийн машины хоо­лойд бус төрд үүрлэсэн хүнд суртал, авлигаас үүдэл­­тэй ёс суртахуун, үзэл бодлын доройтлын хоо­лойд да­руул­сан хэмээн он­цолжээ. Түүний захид­лаас иш тат­вал “...Миний охин орчин тойрон, эх хотоо цэвэр цэмцгэр байл­гах чинхүү сэтгэлтэй, нялх эх оронч нэгэн байсан. Тэр өнөө­гийн нийгэмд бугш­сан булхай бүхнийг ил­чилж, засч залруулах цаг болс­­ныг алтан амиа­раа са­нуу­лан, Монголын мян­­­га мян­ган хүүхдийн сайн сайхны төлөө амь насаа зориулсан юм. Та “Ардын элч” кинон дээр гардаг хошуу ноён шиг “Үүнийг магадлая, та бү­хэн тайван амгалан байц­гаа”  гэж хандахгүй гэдэгт най­даж байна. Монгол тө­рийн тэргүүн, Монгол хэ­мээх өрх гэрийн аав Танд Улаан­баатар хотын чинь жирийн иргэн аав би, өөрийн гэр бүлд учирсан тэр хар өдрийнх шиг зүрх зү­сэгдэж, элэг эмтэрч, сэт­гэл урагдам аймшигт мэ­дээ, дүр зургийг дахин хэн нэгэн өрх бүлд, аав ээжид, тэдний бяцхан хүү, охинд бүү давтагдаасай. Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлө­лийн тэргүүн Та миний охин амь насаа “зүгээр нэг зориулаагүй юм” гэдгийг бодит үйлдлээр харуулж, “Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байхыг хуульч­­­лан баталгаажуу­лахыг бид хүсч, хариулт нэхэж байна...” хэмээх ил захидлыг охиныхоо бич­сэн шүлэг, хичээлийн дэв­т­­рийн хамтаар хав­сар­гажээ. Тэрээр уг хэр­гийн буруутанг төр засаг хэ­мээн үзэж буй аж.

 

“ЗУУРМАГ ШАХАГЧИЙГ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ ӨДИЙ ХҮРТЭЛ БАЙДАГГҮЙ”

Хэргийн мөрөөр шал­га­сан мэргэжлийн бай­гуул­лагынхны гаргасан аюулгүй байдлын дүрэм журмыг хангаж ажиллаа­гүй хэмээх дүгнэлтийг хохирогчийн аав эсэргүү­цэж буйгаа хэлсэн юм. Тэрээр хариуцлагагүй биз­­нес, авлига нь хүмүүн­лэг ард­чил­сан нийгэмд орчин цагийн хэлмэгдүү­лэлтийг бий болгодог хэ­мээн үзэж байгаагаа хэл­лээ. Барилгын компа­ниуд аюулгүй байдлаа хан­гахад анхаарах цагийг зөв­шөө­рөл авахад зар­цуул­­даг бол­сон нь нууц биш. Барил­гын зөвшөөр­лийг авахын тулд төрийн байгууллагын шат дамж­лагыг дамжин, олон арван гэрээ, гарын үсэг зуруул­даг хүнд суртал ийм бай­далд хүргэж буйг олон жи­шээ харуулна. Осол гарга­сан бетон зуур­магч машин нь манай барилгын сал­барт нэвт­рээд 10 гаруй жил болжээ. Гэвч ажиллуулах тухай заалт заавар өдий хүр­тэл байдаггүй аж. Ба­рил­гын тухай хууль 2008 онд бат­лаг­даад барилгын ажил эхлүүлэх, үргэлж­лүү­лэх зөвшөөрлийг Ба­рил­гын асуудал эрхэлсэн хууль сахиулах хорооны бай­гуул­лага хариуцна гэж заасан байдаг аж. Гэвч уг тогтоолыг өнөөг хүртэл МХЕГ-ынхан хууль бу­саар уг шийдвэрийг хэ­рэг­жүүлж байгааг уг хэргийн өмгөөлөгч В.Энхтамир хэл­­­­лээ. Зөвшөөрөл өгдөг хэр­нээ ха­риуц­­лага хүлээх бо­ло­хоор хүн хүч хү­рэлц­­дэггүй хэ­мээн тайлбарлах Нийс­лэлийн мэргэж­лийн хянал­тын газ­рын­ханд гом­­­дол­той бай­гаа аж. Та­лий­гаач охины аав төрийн тэр­гүүнд хандсан захид­лаа Ерөнхий сайд, Хууль­зүйн сайд зэрэг хол­богдох хү­­мүүст явуулахаар бол­жээ.

Охиныхоо зураг, зул хоёроор амь зогоож буй энэ гэр бүлийн­хэн төрийн тэргүүндээ ийнхүү хандаж байна. Тэд төрийн тэргүү­нээс хариулт авах гэж ху­гацаа шаард­сан­гүй. Гагц­хүү Ерөнхий­лөгчийн заа­сан хичээлээр “Онц сур­даг ажилсаг хүүх­дийг аз жаргалтай ирээдүй хүлээж байдаг... Ангийнх­наасаа хамгийн их хүсэх зүйл бол хичээл хөдөлмөр ба онц сурах. Эцэг эхийн­хээ ачийг хариулахын тулд бидний одоо хийх зүйл бол онц сурах юм...” хэмээн хичээлийн жи­лийн анхны өдөр бичсэн бяцхан үрийн­хээ тэмдэг­лэл гэрийнхээ хойморт зураг, зул хоёр­той­гоо ганс­ран хэвтэхийг ха­раад аав хүний хувиар тайл­бар хий­хийг хүлээсэн биз.