Ч.ЗОТОЛ

 С.Зоригийг хөнөөсөн  гэх хэрэгт  ял шийтгүүлэн  шоронд хоригдож байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар  гэрийнхэн өнгөрсөн баасан гаригт олон нийтэд хандсан юм. Тэд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат хэвлэлээр зохиомол зүйлүүд ярьж, хүмүүсийн тархийг угааж байна” гэв.  Иймд  хэвлэл, мэдээллийнхэн, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг үнэн зөв мэдээллийг хүргэж өгөхийг хүсэв. Хэвлэлийн хуралд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат, Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа нар оролцсон юм.  Л.Жавзмаа “Хилс хэргээр шоронд хоригдож байгаа хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явна. Захиалагч илрээгүй байхад хүнийг гүйцэтгэгч гэж барьж хорьж тамлан зовоож болохгүй. Гэрчийн мэдүүлгүүд ч бүгд худал” гэж мэдэгдлээ. Т.Хүрэлбат “Миний дүү Т.Чимгээг барьж хорьсныхоо дараа гэрээс нь хураасан зургийг харж байгаад ам зураг үйлдсэн. Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн. Захиалагчийг олоогүй байж гүйцэтгэгчдийг илрүүлсэн” гэсэн. Зуучлагч, захиалагч гэж хоёр хүнийг ар гэрийнхэн дотроос барьж яллах юм байна” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин