Д.БОЛОР


АН-ын бүлэг өчигдөр төсөв болоод маргаан дагуулаад байгаа Өвөрхангайн тойргийн талаар хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-УИХ дахь МАН-ын гишүүдийн тэмцлийг та бүхэн хэрхэн хүлээж авч байна. Тэд АН-ын нэр дэвшигчдийг “шүүх”-ийн хүчээр УИХ-ын гишүүн болох нь гэж байгаа?

- МАН-ынхан Төрийн ордонд хоёр хоног эсэр­гүүцэл илэрхийлэхдээ Монгол Улсын Төрийн ордны хуулийг зөрчсөн ч АН-ын бүлгийн гишүүд хүндэтгэлтэй хандаж байгаа.  Гэхдээ тэдний үйлдэл хэрээс хэтэрч байна. Эд мөнгө тарааж, санал худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад  тодорхой байгаа. Өвөр­хангайн тойрогт хэдэн хүний санал авсан нь хамаагүй, худалдаж авдаг асуудалд цэг тавих нь чухал. Өөрөөр хэлбэл, сон­гуу­лийн санал худалдаж авах, эд мөнгө тараах зэрэг хууль зөрчиж буй бусад асуудлыг ч мөн хууль зөрчиж шийднэ гэж байхгүй. Энэ утгаараа энэ лхагва гаригт болох чуул­ганаар Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөнө. Түүнээс гадна Увс, Завхан, Орхон, Дархан-Уул гээд сонгуулиар хууль зөрчсөн тойргуудын асуудлыг хууль хяналтын холбогдох байгууллагууд шалгаж байгаа. Эдгээр нь тогтоогдож иргэдийн саналыг худалдаж авахад нөлөөлсөн нь нотлогдох юм бол УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх ёстой.

-Төсвийн талаар хэлэлц­сэн гэсэн. Тэр талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын 2013 оны төсвийн тухай хуультай холбоотой нийгэмд тарж буй эерэг  сөрөг мэ­дээллийг баталгаажуулах,  цэгцтэй ойлголт мэдээлэл өгөх чиглэл рүү ажиллах нь зүйтэй  гэж үзлээ.  Мөн Ерөнхий сайдын багцад буй шинэчлэлийн төсөвт багтсан 50 тэрбум төгрө­гийг ямар зүйлд зарцуу­лах, Оюутолгойн ордтой холбоотой олон янзын байр суурь бий болсныг нэг тийш болгох, багш, эмч нар тэтгэвэрт гарахдаа 36 сарын ца­линтай тэнцэх урамшуу­лал авах 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гар­га­сан хуультай холбоотой асуудал зэрэг анхаарал татаж буй сэдэв багтлаа. Оюутолгойн орд­той хол­боотой гэрээний өөрч­лөлтийг хийхэд бэлэн байгаа ч өсөн нэмэгдэх роялти татварын тухай асуудлаар зарчмын байр сууриа хатуу хадгалах ёстой.