
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр барилгын краны зуурмаг шахагчийн багананд даруулж амиа алдсан 12 настай охины гэр бүлийнхэн хэвлэлийнхэнд анх удаа мэдэгдэл хийлээ. Хохирогч охины аав Б.Батсайхан охиныхоо 49 хоногийн өнгөрөөгөөд олон нийтэд хандаж байгаа нь энэ аж. Тэрээр хариуцлагагүй бизнесийг цэцэглүүлэх болсон үе үеийн төр засаг энэхүү хэрэгт буруутан хэмээн үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон холбогдох хүмүүст захидал илгээхээр зэхжээ.
Үр хүүхдийнхээ төлөө эцэг, эх бүхнээ зориулдаг бол ард түмнийхээ төлөө төрийн тэргүүн санаа тавьж, зовнидог байх ёстой хэмээн ярьж байв. Түүний хэлж буйгаар “Хууль батлагчдын гаргасан дүрэм журам нь авилгыг хөхүүлэн дэмжиж, хүнд суртал бий болгосоор байна. Барилгын компаниуд аюулгүй байдлаа хангахдаа анхаарах биш, олон арван зөвшөөрөл авахын тулд төрийн байгууллагуудад авилга өгөх гэж хамаг цаг хугацааг алдаж байна. Тиймээс энгийн иргэд хохирсоор байна” гэв. Тэрээр охиныхоо гэгээн дурсгалд зориулж “Есүгэн” сан нээж буйгаа хэлсэн юм. Уг сангаар дамжуулж эрх нь зөрчигдсөн Монголын олон мянган хүүхдэд туслах аж.
Хэрэг гарах өдөр хохирогч охины аав, ээжийн машин явах хуваарьгүй өдөр байжээ.