Хонконг, Макао болон БНХАУ-ын өмнөд нутгийн Жухай хоттой холбосон дэлхийн хамгийн урт гүүрийг шалган хүлээж авсны дараа ашиглалтад ороход бэлэн боллоо гэж мэргэжилтний багийнхан мэдээллээ. Хэдийгээр тэд гүүрийг нарийвчлан шалгасан ч яг хэзээ ашиглалтад оруулах хугацааг нь тодорхой хэлээгүй байна. Орон нутгийн хэвлэлд гүүрээр зорчсоны төлбөр хураамж болон гаалийн газар барихтай холбоотой асуудлыг тодруулах шаардлагатай хэмээн мэдээлжээ. Гүүрийг ашиглалтад оруулснаар Хонконг, Макао болон БНХАУ-ыг холбосон замыг туулах хугацаа 30 минутаар багасах юм. Мөн найман баллын хүчтэй газар хөдлөлт болон цагт 202 км-ийн хүчтэй хар салхи, шуургийг тэсвэрлэхээр тооцоолж барьжээ. Энэ гүүрийг барьсан компанийн ерөнхий захирал Лин Мин олон орны төлөөлөгчид энэ гүүрийг эх орондоо бариулахыг хүсч буйгаа илэрхийлсэн гэв.Тухайлбал, Испанийн төлөөлөгч БНХАУ-ын технологиор Гибралтарын хоолойтой холбосон хурдны зам бариулахыг хүссэн гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин