О.ЭРДЭНЭБҮРЭН, Э.СОЛОНГО
Хажидынх өвсний соргог, усны тунгалгийг даган нүүдэллэж байсан цаг саяхных. Харин одоо тэднийх хог даган нүүдэллэдэг болж. Өнгөрсөн амралтын өдрөөр И.Хажид гуайнд өнжсөн юм. Тэрээр “Уг нь манайх Баянхонгор аймгийн нутагт хот дүүрэн малтай, сүрэг дүүрэн хоньтой айл байсан” хэмээн өнгөрсөн амьдралаа дурсана. Улаанчулуутын цэгт хаана их хог байна түүнийг даган бууриа сэлгэх Хажид гуай энд гэрээ зассанаас хойш долоон жилийг үджээ. Өвөлдөө хогон дээрээс олсон матрас, банз зэрэгхэнээр байшин барьж, зундаа хүмүүсийн хаясан бөс даавуу, хувцасны өөдсөөр майхан оёж гэрээ төвхнүүлэн, дөрвөн улирлын уур амьсгалд тохируулж амь зууж буй Хажид гуайн амьдралын нэг өдөртэй хамт байснаа хүргэе.
Хог ачсан автомашин дээр овоорч, бидэнтэй уулзахаас татгалзсан улаанчулуутынхаас Хажид гуай л биднийг гэртээ урилаа.

ХОГООР ТОХИЖУУЛСАН ОРОМЖ
Тэднийх шатсан хогийн нуранги дунд гэрээ барьж, шарлаж өгөршсөн матрас хулдаасаар хана, дээврээ босгожээ. Тал тал тийш хоёр метр хэртэй энэ өвлийн “байшин”-даа биднийг угтлаа. Зуух нь “байшин”-д нь багтаагүй учраас гэрийнхээ гадна байрлуулжээ. Ам метр талбайгаас арай том “байшин”-даа ганц цоохор шүүгээтэй. Шүүгээнээсээ залгуулаад энэ тэндээ шатсан хоёр банз зөрүүлэн ор засчээ. Ороо мөн л хогон дундаас сорчилсон, хирэндээ дарайсан хивсээр бүтээж. Цоохор шүүгээн дээр сав суулга, цаг, будаг шунх, толь зэргийг эгнүүлж, матрасуудыг бэхэлсэн оосорт нүдний шил, цайны халбага, шанагаа өлгөжээ. Харин хувцасны шүүгээ, гутлын авдараа гэрт нь багтаагүй болохоор гадаа байрлуулжээ. Хайш яйш хэдэн хавтан зөрүүлж хадсан хувцасны шүүгээ, гутлын авдар доторх хувцас бас л хэн нэгний гологдлууд гэнэ. Гэхдээ энэ хувцсуудаар Хажид гуай хотын төв рүү орж, хүүтэйгээ уулзахаар явахдаа гангардаг. Тэрээр “Эгч нь гэрийнхээ бүх юмыг Улаанчулуутаас цуглуулсан. Заримдаа оройн хоолоо хогон дундаас аргалчихдаг” хэмээлээ.

АМБААРАА “АЖЛЫН БАЙРАНДАА” ОЙР ЗАСДАГ
Хүмүүс аль болох ажилдаа ойр байр авч эсвэл түрээслэн цаг зав, унааны мөнгөө хэмнэдэг. Улаанчулуутынхан ч ингэдэг аж. Нийслэлийн Тохижилт үйлчилгээний компанийнхан Улаанчулуутад хуваарийн дагуу хаана хогоо асгана тэнд гэрээ нүүлгэдэг тухай Хажид гуай ярилаа. Биднийг очиход Улаанчулуутын хог шатаж, тэр хавиар битүү утаа суунаглаж байв. Энэ хог 20 гаруй хоног шатаж байгаа аж. Шатсан хуванцар, яс, арьс үсний утаа хярвас, үнэрт тэдний нүд, хамар дасал болсон гэх юм. 20 гаруй хоног шатсан хогон дунд тэд өглөө 06:00 цагаас 24:00 цаг хүртэл ажилладаг аж. Тэрээр “Эхэндээ хамар, хоолой, нүд хорсож нулимс гоожин, ханиалгаж байсан. Одоо дасаж байгаа юм байлгүй. Хүмүүс ажлаа хийгээд л байгаа. Харин эгч нь нас ахиж яваа болохоор утаан дунд юм олж харахгүй. Хог ялгаж чадахгүй байна” хэмээлээ.
И.Хажид: УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГТ БИ ГАНЦААРАА АМЬДАРДАГ
И.Хажид гуайгаас Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж, амьдарч буй хүмүүсийн талаар асууж сонирхлоо.
-Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг ганцхан эмэгтэй нь таныг гэж сонсоод ирлээ. Энд хэдэн жил амьдарч байна вэ. Ганцаараа амьдрах хэцүү биш үү?
-Энэ хогийн цэгт дулааны улиралд ирж хог түүж амьдардаг хүн олон байдаг. Харин хүйт орохоор хүмүүс ирэхээ байчихдаг юм. Өнөөдрийн байдлаар энд ганцхан би л амьдарч байна. Эгч нь долоо дахь жилдээ энд тасралтгүй амьдарч байгаа. Намайг хүмүүс хогийн цэг дээр ганцаараа амьдрахаас айдаггүй юм уу гэж байнга асуудаг. Мэдээж айж эмээх зүйл байлгүй яахав. Хань ижил, хамгаалах үр хүүхэд байхгүй учраас ганцаараа амьдрахгүй гээд ч яах билээ дээ. Эгч нь гэр оронгүй өөр хүмүүстэй нийлээд хамтдаа амьдарч болно л доо. Гэхдээ би тэгэхийг хүсдэггүй. Хог түүж олсон мөнгөөрөө орой нь архи аваад уучихдаг хүн олон байдаг. Тэднээс би огт өөр бодолтой, амьдралын зорилготой, архи уудаггүй хүн. Харин надад тамхи хань болдог.
-Энд хог түүж амьдралаа залгуулдаг маш олон хүн байдаг гэж сонссон?
-Одоогоос хэдэн жилийн өмнө хэдэн зуун хүн байсан. Харин одоо Дарь-Эхийн тэнд өөр шинэ хогийн цэг бий болчихсон учраас хүмүүс тийшээ олноор явж байна. Улаанчулуутын хогийн цэгийг хаах талаар ярьж байна гэсэн. Хэрэв энэ хогийн цэгийг хаачихвал өчнөөн олон хүний амьдралын баталгаа алдагдана. Энэ хогийн цэгийн буянд олон хүн гэдэс цатгалан хонож байна.

-Нууц биш бол өдрийн орлого хэдэн төгрөг байдаг вэ?
-Би арав хоног хуванцар сав, төмөр, зэс гэх мэт түүхий эд цуглуулаад тушаахад 100 мянга гаруй төгрөг болдог. Энд өдөрт 20-40 мянган төгрөгийн орлого олдог хүмүүс байгаа шүү дээ. Хоол, цай зардаг гурван хүн байна. Мөн гэр бүлээрээ ажилладаг хүмүүс ч байдаг. Харин миний хувьд гар, хөл муутай учраас төдийлөн сайн ажиллаж чаддаггүй юм.
-Хоол гэснээс энд нохойн махаар хоол хийж иддэг хүмүүс байдаг гэж сонссон?
-Би ингэж ярихаар их дургүй хүрдэг юм. Нэг удаа хог ухаад сууж байтал нэг сонин гарч ирсэн. Тэр сонинг нямбай гэгч нь эвхээд гэртээ аваачаад унштал “Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүмүүс нохойн махаар хооллодог” гэсэн гарчигтай нийтлэл байв. Тэр нийтлэлийг уншаад арай ч дээ гэж бодсон. Би долоон жил амьдрахдаа нохойны махаар хоол хийж иддэг хүн хараагүй, бас өөрөө хийж идэж ч үзээгүй. Мөнгөтэй болохоороо хоол хүнснийхээ зүйлийг хот руу орж бэлддэг. Ганцаараа амьдардаг учраас төлөгний мах авчихад нэлээн уддаг юм. Энд хоол хийж зардаг гурван хүн байдаг. Тэд хонь, үхрийн махаар хоолоо хийдэг. Хийсэн хоолоо 2000 төгрөгөөр зардаг. Харин сүүтэй цай нь 300 төгрөг гэдэг. Хогийн цэгт амьдарч байгаа хүмүүс л гэхээр нохойн махаар хоол хийж иддэг гэж буруу ойлгож болохгүй. Биднийг хогчид гэж зэмлэх хэрэггүй.

-Сая харж байхад гэр хорооллоос ирсэн хог, байрнуудаас ирсэн хог гэж хүмүүс ангилаад байна. Гарч ирдэг хог нь ялгаатай байдаг биз?
-Тийм шүү. Гэр хорооллоос ихэвчлэн үнс, шатсан хог ирдэг. Харин байрны айлуудаас ирж байгаа нь арай цэвэрхэн хог байдаг юм. Би гэр хорооллоос ирж байгаа хогийг ухаж чаддаггүй. Сураагүй юм. Харин байрнаас ирж байгаа хогноос бидэнд хэрэг болохоор зүйл их гарч ирдэг

-Хог ухаж байгаад үнэтэй зүйл олсон тохиолдол танд байдаг уу?
-Би долоон жил болохдоо үнэтэй зүйл олж үзээгүй. Бусад хүн бөгж, ээмэг оллоо гэж ярьж байдаг. Миний хамгийн том олз бол хоосон уранхай цүнхний жижиг тасалгаанаас 25 мянган төгрөг олж байсан. Тэр цүнхийг хогноос авахдаа шатаана гэж бодож авсан юм. Тэгээд галд шатаах гэж байгаад доторх тасалгааг нь нээж үзсэн чинь хуйлаад хийчихсэн бүхэл 25 мянган төгрөг байсан. Тэр дотор мөнгө байна гэж үнэхээр бодоогүй учраас их баярласан. Энэ л миний хамгийн том олз байлаа.
ХАЖИД ГУАЙН ХАРУУСАЛ
“Хөдөөнөөс хотод орж ирсэндээ хамгийн их харамсдаг” хэмээн санаа алдаж, нулимстай нүдээр уулсын оройг ширтэх энэ эмэгтэй арван жилийн өмнө нутгаасаа гарчээ. Нөхрийгөө хот руу ажил хийхээр яваад сураг алдарчихаар нь малаа зараад, хоёр хүүхдээ тэвэрсээр нийслэлийг бараадсан аж. Хотод ирээд удаагүй байтал гэр хорооллын айлуудын дур мэдэн татсан цахилгааны утаснаас болж гарсан галд гэр нь шатаж харамсалтай явдал болов. Орох оронгүй болсон Хажид гуай гудамжинд, хогон дээр амьдарсаар долоон жил болжээ. Энэ хугацаанд 15 настай охин нь өвчний улмаас нас барж, хүү нь муу хүмүүст уруу татагдан хэрэг төвөгт орооцолдон шоронд оржээ. Энэ азгүй явдлуудыг нутгаасаа нүүж хотод ирснээс болсон гэж Хажид гуай үзэх. “Нутагтаа малаа маллаж байсан бол үр хүүхэдтэйгээ элэг бүтэн, гэдэс цатгалан амьдрах байсан. Хөдөө манайх өвс, усны сайхныг даган нүүдэллэж байсан бол одоо хог даган амбаараа зөөж байна. Лааз, шил цуглуулж хэдэн төгрөгтэй болохоор хүүдээ идэх юм, хувцас базаагаад Булган аймгийг зорьдог. Хүү минь Булган аймгийн хориход найман жилийг өнгөрүүлсэн. Гарч ирэхэд арав гаруй жилийн хугацаа дутуу байна. Найз нартайгаа наргиж яваад нэгийгээ өмөөрөөд хүнтэй гар зөрүүлсэн юм билээ, миний хүү. Тэгсэн хэд хоногийн дараа зодуулсан хүн нь нас барсан гээд хүүг минь аваад явсан, цагдаа нар. Өнөөдөр /аравдугаар сарын 19/ миний хүүгийн төрсөн өдөр. Уг нь жил бүр төрсөн өдрөөр нь очдог байсан. Энэ удаад мөнгөгүй болоод очиж чадсангүй” гэв.
Элэг бүтэн, элбэг хангалуун амьдрлаасаа уйдан хот руу явсан нөхөртэйгээ уулзахыг хүсдэггүйгээ тэрээр хэлсэн. Сайхан амьдрал, үр хүүхдээсээ салж хогийн цэг дээр орь ганцаараа амьдарч буйгаа нөхрөөсөө болсон хэмээн Хажид гуай байн, байн ярьж суулаа. Одоо Улаанчулуутын шатаж буй хогийн утаатай зэрэгцэн ганц Хажид гэдэг айлын л утаа суунаглаж байна.