Т.САЙХАН
Төрийн тэргүүн хөдөө орон нутагт ажиллаж, УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам улс дахь айлчлалаа өндөрлөлөө. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс орны өмнө тулгамдаж буй цаг үеийн асуудалтай нүүр тулав. Засгийн газрын нэн тэргүүний шийдвэрлэх асуудал шатахууны үнэ байв. 10 гаруй хоногийн турш ШТС-ууд иргэдээс нүүр буруулж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэсэн. Зохиомол хомсдол үүсгэж, үнээ нэмэхээр үгсэн хуйвалдаж буй импортлогчдод Засгийн газар бууж өгөх үү, эсвэл төр төмөр нүүрээ харуулах уу гэсэн асуулт нийгэмд байв. Гэсэн ч Засгийн газар бууж өглөө. Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаас шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргав. Ингэснээр 2018 оны Улсын төсвөөс 65 тэрбум төгрөг сох дутлаа. Хоёрхон сарын өмнө 2018 оны Улсын төсвийг батлахдаа тодотгол хийх шаардлагагүй сайн төсөв боллоо хэмээн Сангийн сайд нь зарлаж байсан ч төсөв нь дотроосоо эхлээд идэгдэж эхлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар “Шатахууны онцгой албан татвараас 65 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх байсан. Гэсэн ч онцгой албан татварыг тэглэснээр энэ мөнгө төсвөөс хасагдаж байна. Бид төсөл хөтөлбөр болон бусад орлогоос нөхөөд явна” гэв. Ийнхүү шатахуун импортлогч компаниудын таалалд тааруулж ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргаж, хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхөж ажиллахаар болов. Үүний дараах Засгийн газрын шийдвэр бас л тал зассан, ялагдсан шийдвэр байлаа. Морин спортын хорхойтнууд, уяачдыг Засгийн газар дийлэхгүй гэдгээ энэ шийдвэрээр батлав. Өвлийн морин уралдааныг хориглох хүсэлтийг хүний эрхийн ТББ-уудаас Засгийн газарт хүргүүлсэн. НҮБ-аас хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргавал хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч Засгийн газар хүүхдийн эрхийн талд зогсож чадсангүй. Морин спортын хорхойтнууд, уяачдын талд шийдвэр гаргалаа. Өвлийн морин уралдааныг хориглохгүйгээр хүүхдийн насыг 12-оос дээш байхаар зааж өгөв. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хувьд уяачид, шатахуун импортлогчдод ялагдсан долоо хоног болов. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар Бүгд Найрамдах Жибути Улс, Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэж гишүүд дэмжлээ. Мөн Эрчим хүчний үр ашиг, хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016, 2017 оны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ төслийн хүрээнд Дарханы ДЦС-ыг 35 МВт-аар өргөтгөх асуудал багтсан юм. Өмнө нь Дарханы ДЦС өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийх байсан ч ажил хийгдээгүй тул Монгол Улсын Засгийн газар, Герман улстай хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Мөн өнгөрсөн долоо хоногийн хувьд УИХ-ын зарим гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал хөндөгдсөн. УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүдийн нэрсийг зарлав. Энэхүү жагсаалтыг Б.Наранхүү дахин тэргүүлжээ. Хуульч Д.Миеэгомбо Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт эрхэм гишүүнийг эгүүлэн татах хүсэлтээ энэ сарын 23-нд өгсөн гэдгээ мэдэгдлээ. Мөн АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хоёр ч гишүүнтэй холбоотой асуудлыг мэдээлэв. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авсан бөгөөд түүний хэргийг тус газраас үргэжлүүлэн шалгаж буй юм байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын их хурлыг хууль бусаар зарласан. Ингэхдээ хууль бус санхүүжилт авсан эсэх асуудлыг АТГ-аас шалгаж прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин