С.САРУУЛ

Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байна.Монгол Улсын Засгийн газар БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа. Польш улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар харилцан гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн ач холбогдол өндөртэй баримт бичиг юм. Хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Монгол болон Польшид ажиллаж, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байна. Монгол Улсад төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврээ Монголын Нийгмийн даатгалын сангаас, харин Польшид төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврийг тус улсын ижил төрлийн  сангаас авахаар зохицуулалтыг хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр зөвхөн өндөр насны тэтгэвэр авах тухай асуудлыг зохицуулж байгаа юм биш. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж зэргийг авах эрх нь хоёр талдаа харилцан нээгдэж байгаагаараа онцлогтой” гэлээ.  БНПУ-ын Гэр бүл хөдөлмөр нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса “Хэлэлцээрийг байгуулах гэж хоёр талаас багагүй хүчин чармайлт гаргаж удаан хугацаанд ярьж тохиролцлоо. Ингэснээр Польш, ялангуяа Монголоос манай улсад удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдэд харьцангуй таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох, улмаар хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг аль ч цагт хохироохгүй байх зохицуулалтыг хийж өглөө” гэж дүгнэсэн.

Эх сурвалж: www.polit.mn