С.УЯНГА

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэхээр тусгажээ.

Энэ үеэр гишүүд Оюуны өмчийн байгууллагыг сэргээе гэсэн саналыг гаргасан юм.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү:

үртгэл мэдээллийн нэгдсэн сан, техник, цахим сүлжээгээ сайжруулах байдлаар жил, дөрвөн сарын бэлтгэл хийсэн. Манай ажилчид иргэдэд боломжийн хэрээр үйлчилж байгаа. Гишүүд очиж үзнэ гэвэл татгалзах зүйл алга. Нарийндаа бол 2016 оны наймдугаар сард паспортын бэлдэц байхгүй гэдэг шалтгаанаар 45 хоног паспорт саатаж байсан. Одоо бол долоо хоногийн дотор паспортыг гаргаж байгаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Онлайн горимд шилжүүлэх, “Нэг иргэн-Нэг бүртгэл” мэдээллийг нээлттэй болгох, үйлчилгээний төрлүүдийг хуваах гээд шинэлэг зүйл байна. Оюуны өмчийн бүртгэлийг улсын бүртгэлтэй нэгтгэдэг нь буруу. Энэ хоёр бол тусдаа функц, үйл ажиллагаатай байгууллага. Нэг агентлагийн тоог нэмсэн ч энэ хоёрыг салгах хэрэгтэй” гэсэн юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Монголын төрд зайлшгүй байх ёстой ном журмаараа байсан юмыг байхгүй болгоод буцааж сэргээдэг буруу.  Оюуны өмчийн байгууллагыг тусгаарлах саналыг хавар оруулж ирнэ. Оюуны өмчийн байгууллагын бие даасан хэлбэрийг сэргээх ёстой” гэлээ. Түүнчлэн иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэхээр тусгах, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх. Иргэний үнэмлэхийг шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зохицуулалтыг тусгажээ.Энэ үеэр гишүүд бүртгэлийн системийг цахимжуулах нь эрсдэлтэй гэдгийг хэлж байсан юм.

Үргэлжлүүлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.  Хуулийн төслөөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал  харгалзахгүй бүртгэхээр тусгажээ. Түүнчлэн Улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллага, нотариат зэрэг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтуудыг тусгасныг гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин