Х.ОЮУНБОЛД
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу нар Африн хотын эсрэг чиглэсэн Туркийн цэргийн ажиллагааны талаар ярилцжээ. Мөн энд оролцож буй бүх орныг харилцан зохицохыг уриалсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, тусгаар тогтнолыг нь хүндэтгэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийн дагуу улс төрийн гарц шийдлийг хайх болон Астана хотод байгуулсан гэрээний дагуу тус бүс нутагт үүссэн зөрчлийг багасгахыг хүссэн байр суурийг ОХУ баримталж байгаа гэж мэдэгдэлдээ дурджээ. Харин Африны эсрэг ажиллагааг эхлүүлэхийн өмнө Туркийн зэвсэгт хүчний генерал Хулуси Акар ОХУ болон АНУ-ын төлөөлөгч генерал Валери Герасимов, Жозеф Дунфорд нартай ярилцсан хэмээн тус улсын БХЯ-наас мэдээлсэн байна. Мөн геополитикийн мэргэжилтэн Ф.Морагон АНУ курдын зэвсэгт хүчнийг Сири рүү илгээж үймээн самууныг үргэлжлүүлнэ гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин