Ч.ЗОТОЛ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлал өчигдөр эхлэв. Түүний хувьд тус улсад олонтаа ирж, буцсан янз бүрийн түүхтэй. Энэ удаагийнх Ерөнхий сайдын хувиар хөл тавьж буй анхны айлчлал юм. Айлчлалын хугацаа гурав хоног байх бол зорьж очсон гол ажил нь 700 сая ам.доллар зээлэх юм. Үүний төлөө гүйцэтгэх засаглалын тэргүүн маань танхимынхаа 50 хувийг дагуулан БНСУ-д очжээ. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖ-ын сайд Д.Цэрэнбат, Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нарын долоон сайд яамны газар хэлтсийн дарга нар гээд нэжгээд хүний бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа юм. Монголын үе үеийн Засгийн газрын тэргүүний түүхэнд БНСУ-д ийм өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал хийж байсан удаа үгүй. Тэгвэл танхимынхаа талаар нь бараа бологчоо хийсэн анхны хүн нь У.Хүрэлсүх болж байна.
Ямартай ч тэд БНСУ-д гурван өдөр ажиллаж, 700 сая ам.доллар зээлж ирэх үүрэг, зорилготой явсан. Түүнийхээ 500 саяыг нь утааг бууруулахад зориулна гэж мэдэгдсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдын яриад байгаа утааг бууруулах шийдлээс шинэлэг юм огт сонсогдохгүй, эсгий гэр, зуух яндан тарааж мөнгө иддэг хуучинсаг арга, тэрбум тэрбумаар мөнгө цацчихаад шийдсэн юмгүй, хариуцлагаас бултаж матрын нулимс үзүүлдэг ээлжит эмгэнэлт жүжиг л харагдаад байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг онгоцонд суув уу, үгүй араас нь иймхэн зүйлийн төлөө Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувь нь гурав хоног ажиллахаар мордлоо. Гүйцэтгэх засаглал эзгүйрлээ гэсэн шүүмжлэл цахим ертөнцөд гарав. Ерөнхий сайдын онгоцон дотор намынхантайгаа танилцаж шинэ жилдэж яваа зураг хөрөг ч цацагдаад амжив.
Ер нь бол ард түмэн Ерөнхий сайдын хийх анхны айлчлалуудаас том зүйл хүлээж байгаа нь үнэн. Эдийн засгаа сэвхийтэл өргөөд ирэх шинэлэг санал санаачилга, томоохон төсөл хөтөлбөрүүдийн гэрээ, хэлэлцээр, түүнийгээ хэрэгжүүлэх дайчин зоригтой алхмуудыг хүсч байгаа. БНСУ бол манай иргэдийг нас, эрүүл мэнд, боловсрол, бие бялдарын хөгжлөөр нь заазлан хэдэн мянгаар нь ажиллах хүч болгон авч байгаа орон. Өдгөө 41 мянган монгол хүн тэнд ажил эрхэлдэг. Иргэдийнхээ эрх ашгийн үүднээс ядаж л визний асуудлыг хөнгөвчлөх, нэг удаа олгох боломжийн талаар ямар шийдлүүд гаргах бол хэмээн харж байна. Иргэдээ тийш нь экспортолж байснаас БНСУ-аас томоохон төсөл нэвтрүүлж, иргэдээ эх орондоо ажлын байртай болгох талаар алхам хийх болов уу гэсэн хүлээлт бас байна.
Танхимынхаа талыг дагуулан БНСУ-д өргөн бүрэлдэхүүнтэй айчлал хийж буй У.Хүрэлсүхийн хувьд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон тухай эхний мэдээ байна. Мөн Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-д оршин сууж, амьдарч буй иргэдийнхээ төлөөлөлтэй өчигдөр орой уулзжээ. Өнөөдөр БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин