С.САРУУЛ

МАХН-ын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх О.Баасанхүү, Г.Бямбасүрэн  нарын хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2018.01.05/ Улсын Дээд шүүхэд болох байсан ч хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүн О.Баасанхүү нарын хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товлолоо. Шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, намын гишүүд дэмжигчид ирсэн бол хүсэлт гаргасан О.Баасанхүү ирсэнгүй. Түүнийг төлөөлж Г.Бямбасүрэн ирсэн юм.

Шүүх хурлын талаарх хоёр талын байр суурийг хүргэе.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү, Г.Бямбасүрэн нарын иргэд нам, намын дарга бүртгүүлэх хүсэлтээ гаргачихаад өнөөдөр шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргасныг Дээд шүүх хүлээж авлаа. О.Баасанхүү нар материалтай танилцана. Асуудал тулгуу байна гэсэн хүсэлт тавьсан байна. Тиймээс энэ сарын 19-нд хуралдахаар тов зарлалаа.

Цагаан цаасан дээр хэдэн хүний нэр биччихээд Улсын дээд шүүхэд ханддаг байдал байж болохгүй. Ингэж болдог бол хэн ч гэсэн хэдэн хүний нэртэй бичиг авч ирээд Дээд шүүхэд хандах бололцоотой. МАХН-ын гишүүд дэмжигчид 400 гаруй мянган хүн байгаа учраас бидний хувьд хэчнээн л бол хэчнээн материалыг гаргаж өгөх боломжтой. Тиймээс нөхцөл байдал ойлгомжтой гэж бодож байна. Харин О.Баасанхүү нарын хийж байгаа үйлдэл бол мөнгөний захиалгаар хийж байгаа үйлдэл. Намын гишүүн бус хэдэн хүн цуглуулаад намын дарга болно, дүрмийн өөрчлөлтийг бүртгэж өг гэдэг ёсзүйгүй, хууль бус үйлдэл байж болохгүй. Энэ Монголд муу жишиг тогтооно” гэлээ.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Ямар ч тамга тэмдэггүй цаас барьсан хүмүүсийн гацааг байхгүй болгохын төлөө материал бүрдүүлж өгсөн. Ерөнхийлөгчийн сонгуулиас  болсон гэдгийг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялсан. Харин МАНАН луйвардсан. МАНАН-гаас Монголын ард түмэн салахыг хүсч байна. Оффшорчдыг шударгаар шийтгэхийг хүсч байна. Уул уурхайн баялгаа ард түмэндээ өгөх ёстой” гэв.

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн “ Өнөөдрийн шүүх хурлын талаар бидэнд ямар ч хугацаа байгаагүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан. Материалтай танилцах хүсэлтэй байна. О.Баасанхүү гишүүнийг хууль зөрчсөн үйлдлээр А.Гантамир гэдэг залуу АТГ-т хандсан нь прокурорын байгууллагад шилжсэн шалгагдаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn