О.БҮРНЭЭ
Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “Орчлон” сургуульд сурдаг дөрвөн сурагч хоолонд хордож ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлснийхээ дараа өрхийн эмчийн хяналтад оржээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
-”Орчлон” сургуулийн сурагчид хоолонд хордож танай эмнэлэгт эмчлүүлээд гарчээ. Хордлогын онош нь юу гэж гарсан бэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид “Орчлон” сургуулийн гал тогоо, хоол, ажилчдын гарын арчдаснаас авсан шинжилгээгээр нянгийн бохирдол илэрсэн гэж дүгнэсэн. Энэ дагуу “Орчлон” сургуулийн 338 хүүхдийг эмчийн үзлэгт хамруулахад гэдэсний цусан суулга өвчин үүсгэгч нян илэрсэн юм. Хоолонд хордсон дөрвөн сурагч цусан суулга өвчнөөр өвчилсөн байсан.
-Өвчилсөн хүүхдүүд эмнэлгийн хяналтад байгаа гэсэн. Хэр удаан хяналтад байх вэ?
-Цусан суулгаар өвчилсөн хүүхдүүд эмнэлгээс гарч болдог. Гэхдээ халдвар үүсгэгч нян хүний биед үлдэж, архаг нян үүсгэгч, архаг халдвартай болж болно. Тиймээс цусан суулгаар хөнгөн өвдөөд эмнэлгээс гарсан ч сарын турш эмчийн хяналтад байж, лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээ өгөөд нян илрээгүй тохиолдолд бүрэн эдгэрлээ гэж үздэг.