Р.ОЮУН
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэдэг. Манай улс 1998 оноос энэ аянд нэгдсэн билээ. Аяны гол зорилго нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх юм. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг гарч буй хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдсэнээр хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлдэг. Энэ жил дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энхтайван руу” уриан дор энэ аяныг тэмдэглэлээ. Харин манайд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” хэмээн нэгдэж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа нийслэлийн бүх газар, агентлагийн удирдлагуудыг хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалсан юм. Олны танил хүмүүс хүчирхийллийн эсрэг нэгдсэн тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр юү гэж хэлснийг хүргэж байна.
Азийн топ модель Э.Энхболд: СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮЧИРХИЙЛЭЛ БАЙСАН
-Би ээжээрээ овоглож, ээжийнхээ энгэрт эрхэлж, аавын алганы амтыг үзээгүй өссөн. Гэхдээ сүүлд хойд аавтай болсон. Хаа очиж хойд аав маань надад гар хүрч байгаагүй. Гэхдээ гэр бүлд хэрүүл маргаан гардаг л байсан. Тэр үед нь хурдан том болъё, энэ гэрээс яваад өөрийнхөө аз жаргалтай, гайхамшигтай гэр бүлийг цогцлоох юмсан гэж боддог байлаа. Харин бага ангийн багш маань хүүхдүүдийг зоддог байсан. Сургуулийн орчинд хүчирхийлэл болдог байжээ.
Жүжигчин Ц.Цэрэнболд: ХАЙРЛА, ХАМГААЛ
-Дарс зооглож, харц ширүүсэн, ханиа гомдоож, үрсээ уйлуулан хүчирхийлэл үйлдвээс чи бузар үйлийн эзэн болно. Сэрцгээ, ухаарцгаа. Жудгандаа захирагдаж, зодгондоо чангарсан, уул шиг түшигтэй, ухааны цараатай өвөг дээдэс минь уураар биш хайраар тэтгэ хэмээн сургасан билээ. Тиймээс хайрлаж, хамгаалъя.
Нэвтрүүлэгч С.Чимгээ: СЭРЦГЭЭ, УХААРЦГАА
-Хүчирхийлэл бүхэн аюул дагуулж, хүний орчлонг айдаст автуулж, хань, үр хүүхдээ гунигт хөтөлдгийг ухаараач. Сэрцгээ, ухаарцгаа.
Жүжигчин Г.Ундармаа: ТА БИДНИЙ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ
-Хүчирхийлэл. Энэ үг танд юу бодогдуулж байна. Надад л тохиолдохгүй бол яах вэ гэж та бодож байна уу. Та бидний оролцоо хүчирхийлэлд өртсөн бүлэгт, хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй. Хөрш айлд чинь хүчирхийлэл болох, үзэж унших мэдээлэл тань хүчирхийлэлд автсан хүүхэд, хүний амь бүрэлгэсэн найз залуу. Энэ таньд хамаагүй гэж үү. Харанхуй гудамжийг нэг гэрлээр гэрэлтүүлдэггүй. Тиймээс бүгдээрээ хамтдаа гэрлээ асаацгаая. Хүүхдэдээ халддаг, хүчирхийлэл үйлддэг, нөхрөө хуурдаг, архинд донтсон, айдас төрүүлдэг энэ бүх хүчирхийллийг таслан зогсоохын тулд таны нэг оролцоо чухал. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе. Гэртээ тамхи татах нь хүртэл хүчирхийлэл шүү дээ.
Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЭЦГЭЭЕ
-Чи хэдий чинээ мөнгөтэй байгаа ч баян гэсэн үг биш. Хүний хамгийн том баялаг бол элэг бүтэн амьдрал, гэр бүл. Тиймээс бат бөх гэр бүлийн төлөө хамтдаа. Бүгдээрээ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин