Н.МӨНХЖИН
Италийн Венеци хотод “Аcqua alta” буюу усны төвшин дээшилдэг улирал эхэлж тус хотын жуулчдын гол гудамжууд, Гэгээн Маркосын төв талбай усанд автлаа. Венецид ирж буй жуулчид усны гутал өмсч, эсвэл хөл нүцгэн явж байна. Зарим нь албаар Венецийн усанд автсан гудамжаар хөл нүцгэн алхах энэ улирлыг сонгон ирдэг ажээ. Энэ үеэр тус хотын идэш уушийн газрууд завсар зайгүй дүүрч, үнэ нь ч нэмэгддэг байна.
“Аcqua alta” улирал эхлэхэд далайн усны төвшин нэмэгдэж, салхины хүч ихэссэнээр арал-хотын гудамж, талбай яг өвдгөөр татам усаар дүүрдэг ажээ. Үүнээс илүү үер болдоггүй. Венецийн сэтгэл татам уран барилгуудын хормой усанд автсанаар нууран дээр тогтсон уран барилгын цогцолбор камерийн дуранд хамгийн их буудаг ажээ.
Яг энэ үеэр хуримаа хийхээр товлосон хосууд цөөнгүй байдаг. Энэ жил найман хос Венецид хуримаа хийж, Гэгээн Маркосын талбай дээр гутлаа гартаа барин хуримын хувцастайгаа зургаа авахуулжээ. “Аcqua alta” улирал арав гаруй хоног үргэлжлээд ус татардаг ажээ.