М.ЦЭЦЭГ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг үдээс өмнө хуралдлаа. Тэд улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Хуралдаанд Өвөрхангай аймагт нэр дэвшин ялалт байгуулсан хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д тангараг өргүүлэхээр нэрийг нь өргөн барьсан Д.Зоригт, Г.Батхүү нар оролцсон гэх мэдээлэл байна. Нөхцөл байдлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.

 -Өвөрхангай аймгаас сонгогдсон Ардчилсан намын хоёр гишүүн өглөө тангараг өргөх байсан. Чуулганы хуралдааныг ямар шалтгаанаар хойшлуулав?

-УИХ-ын чуулганы ху­ралдаан үдээс өмнө бо­ох байсан. Харамсалтай нь хуралдаж чадсангүй. Чуулган хуралдаж чадаагүй гол шалтгаан нь УИХ-ын гишүүдийн Төрийн ордонд орох хаалгуудыг  жагсагчид хаасантай холбоотой. Чуулганы хуралдааны хэвийн ажиллагаа тасарч байгаа учраас үдээс хойш хуралдуулахаар болсон.

-Өвөрхангайд нэр дэвшсэн АН-ын гишүүд тангараг өргөх болсныг Ардын намынхан эсэргүү­цэж жагсаж байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо хуулийнхаа дагуу УИХ-ын даргад хоёр нэр дэвшигчийн нэрийг өргөн барьсан. Тиймээс нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Улс төрийн ямар нэгэн зарчимгүй асуудлыг Ардчилсан нам хэрэглэхгүй. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарсан бол УИХ хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа процедураараа явна. Янз бүрийн маргаантай асуудал байгаа.

-Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн нэг хүчний захиалгаар шийдвэр гаргасан гэж Ардын намынхан үзэж байна?

-Миний авсан мэдээлэл юу  гэхээр МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдийн саналыг худалдан авах үйл ажиллагаа явуулсан гэж Сонгуулийн ерөнхий хороо үзсэн. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу асуудал цаашаа явна.

-Ардын намын гишүүд чуулганы танхимыг хааж суулт зарлалаа. Энэ байдлыг хэрхэн хүлээж авч байна?

-Энэ ардчиллын зарчим мөн, гэхдээ арай ингэж хэтрүүлж болохгүй. Ийм байдлаар бид асуудлыг шийдэж болох­гүй. Чуулган үргэлжилж үйл ажиллагаагаа явуулна. Танхимын үүдийг гишүүд хааж сууна гэдэг сайн хэрэг биш. Бид хүч түрээ­гүй. Өглөө ч гишүүдийг чуулганы танхимд оруулахгүй үүдэнд бөөн юм болсон. Бид тэвчээртэй хандсан. Үдээс хойш чуулган зарлаад хуралдах гэтэл бүх хаалгыг хаасан байна.

-Суулт зарласан гишүүд сонгуулийн ардчиллын тухай ярьж байна. Бүлгийн удирдлагын төвшинд ярьж ойлголцож болохгүй юу?

-Түүнийг УИХ-ын чуулганы танхимд орж байгаад ярилцъя гэсэн.

 

Н.Энхболд: Бухимдсан олон юунд хүрэхийг хэлж мэдэхгүй

Д.БОЛОР

 МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн ахлагч Н.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

 -Танай намынхан гадаа, Төрийн ордонд эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ нь дараа, дараагийн шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн хэрэг гэж тайлбарлах юм?

-Төрийн машин хуу­лийн эсрэг ажиллаад эхэлсэн тохиолдолд хувь хүн байтугай улс төрийн нам ч гэсэн хүчин мөхөсдөж байгааг энэ жишээ харуулж байна. Бид Н.Төмөрхүү нэр дэвшигчийнхээ төлөө ажилласан уу гэвэл ажилласан. Бололцоотой бүх шатанд тус дэм үзүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд энэ талаарх шаардлагыг өгсөн. Харамсалтай нь манай намынхны хүч шударга бус үйлдлийн өмнө энэ мэтээр мөхөсдөж байгааг хүн бүр тодхон харж байгаа байх. “Царилаас хамгаалах зэвсэг байхгүй” гэж Оросын зүйр цэцэн үг байдаг юм даа. Энэ нь цаад утгаараа хуулийг уландаа гишгэсэн тохиолдолд үүний эсрэг яаж ч тэмцээд нэмэргүй гэсэн санааг илтгэдэг юм. Монголын нийгэмд яг  ийм байдал бий болчихлоо шүү дээ. Хэрэв манай одоогийн эрх баригчид хуулийг хүндэлдэг байсан бол хуулийнхаа хүрээнд аливаа асуудлыг шийдэх байсан гэж бодож байна. Өвөрхангайчуудын сон­гол­тыг нулимж байгаа байдал, манай намынхан уруулж буй хохирол, нэр дэвшигчдийг маань доромжилсны үндсэн дээр гаргаж байгаа энэ шийдвэр бол хуулийг уландаа гишгэсэнтэй  холбоотой. АН-ын удирдлагууд хүч түрэмгийлсэн байдлаараа шийдвэр гаргасан.  Өнгөрсөн лхагва гаригт Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээс хоёр нэр дэвшигчийн асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд энэ сарын 12-нд гаргасан  шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай хүсэлт гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд үнэн мөнийг нь тогтоогдоогүй байхад сонгогчдын эрхэнд халдаж шийдвэр гаргаж  болохгүй  гэдгийг баталсан хэрэг.

-Та бүхний тэмцэл хэр удаан үргэлжлэх бол?

-Бид жагсаад байгаа юм биш. Өвөрхангайн иргэд сонголтоо хамгаалж үзэл бодлоо илэрхийлж байна. Харин МАН-ын удирдлага, гишүүдийн хувьд үүнийг нь дэмжиж оролцож байгаа юм шүү. Хэрэв Өвөрхангайн иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй бол бухимдсан олон юунд хүрэхийг хэлж мэдэхгүй байна.

-Танай намынхан УИХ-ын даргын өрөө рүү дайрч орсон. Хариуцлагатай хүмүүс болчимгүй үйлдэл гаргаж байна гэж шүүмжлэх хүн байна?

-Дайрч орсон юм байхгүй. УИХ-ын гишүүн ямар ч албан тушаалтан дээр орж хүссэн асуудлаа танилцуулах эрхтэй.   Үндсэн хууль хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа нь үнэн юм бол Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх тухай шийдвэрээ цуцлах ёстой. Тэгээд манай хоёр гишүүний тангарагийг өргөн мэдүүлэхээр УИХ-д өргөн барих ёстой.