С.УЯНГА

МАХН-ын түмт, мянгат, зуут, аравтын улсын анхдугаар зөвлөгөөн өчигдөр АСА Циркид боллоо. Зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хорооны 2000-аад төлөөлөгч оролцсон юм.

Зөвлөгөөний үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар нар Монгол Улсын хөгжлийн гарцын талаар намын гишүүд дэмжигчдэдээ илтгэл тавьсан юм. Мөн намын дэд дарга, Шадар сайд асан Ц.Оюунбаатар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөө”, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж “Шүүх ба Монгол” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Энэ үеэр МАХН болон Монголын ногоон намын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын өнцөг булан бүрээс аймаг, сум, дүүргээ төлөөлөн хүрэлцэн ирсэн намын гишүүд дэмжигчид намыг хагалган бутаргах гэсэн О.Баасанхүү нарын гишүүдийн явуургүй үйлдлийг эрс шүүмжилж буйгаа анхдугаар зөвлөгөөний үеэр хэлж байв. Түүнчлэн цаашид намаа эв найрамдалтай авч явах, улам хүчирхэг болгох, Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлох зэргээр олон сэдвээр ярилцаж намын гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонссон юм. МАХН-ын улсын анхдугаар зөвлөгөөний үеэр намын удирдлагуудын тавьсан зарим илтгэл болон аймгаас ирсэн түмтийн дарга нарын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ХАР ДАНСНААС ГАРТАЛ НЭГ ХЭСЭГ ҮЕИЙН АМЬДРАЛ ХОХИРНО

-Энд жинхэнэ МАХН-ын шударга, үнэнч журмын нөхөд цугларсан. Харамсалтай нь манай намаас айж МАНАН-гийн захиалга, мөнгөөр манайд шургалсан хуурамч Дамбийжаа нар энд тэнд хуралдаж байна. Тэдний худал зорилго, хуйвалдаан хэзээ ч бүтэхгүй гэдгийг анхааруулъя. Бидний эсрэг мэт харагдавч цаад утгаараа ард түмний эсрэг тоглоомын шийдвэр гаргаж байгаад харамсч байна. Энэ сорилтыг ард түмэнтэйгээ байхад даван туулна.

Та бүхэнтэйгээ хувьсгал, МАНАН-гийн хулгай, хуурамч хүмүүсийн хуйвалдаан, энэ байдлаас гарах гарцын талаар ярина. Саяхан 100 жилийн ой болж өнгөрсөн Октябрийн хувьсгалын шууд нөлөөн дор Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялан мандсан. Ардын хувьсгалын ачаар тусгаар тогтнолоо олж, Монгол хүн бичиг үсэгтэй эрүүл саруулж болж улс орон хөгжин дэвшсэн. Монголын ард түмэн сэргэн мандсан. Энэ бол МАХН-ын нэгэн бахархалтай түүх юм. Ялалтын түүхийг бичсэн ахмадууддаа талархаж байна. Хувьсгалынхаа ололтыг бэхжүүлэхийн тулд 1924 онд МАХН хувьсгалт гэсэн тодотголыг авч улсаа хурдацтай хөгжүүлэхийг зорьж, баталгаажуулахын тулд анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Энэ бүх он жилүүдэд тэр үеийн ЗХУ-ын ард түмний ачаар бид хөгжиж чадсан.

Саяхан Европын холбоо манай улсыг хар дансанд бүртгэлээ. Энэ нь бизнесмэнүүдэд өгөх зээл багасч, нөхцөл байдал хүндэрнэ. Хөрөнгө оруулалт багасч, Монгол Улсад сэжигтэй хандана гэсэн үг. Энэ бүгдийг арилгахын тулд олон жилийн хугацаа шаардана. Хар данснаас гартал нэг хэсэг үеийн амьдрал хохирно. МАНАН бол маш хортой үйл ажиллагаа гэдгийг ард түмэн ойлгож, сэрэмжилж эхэллээ. Сүүлдээ Монгол Улс, ард түмний хувь заяаг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хаалттай хаалганы цаана шийдэж байна.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: МАНАН-ГИЙН САВРААС МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙГ АВРАХ ТЭМЦЭЛД СААД УЧИРНА

-Өнөөдөр эх орон, ард түмнээ аврах түүхэн хурал хийж байна. Бодит, үнэн зөвлөгөөн болж байна. МАХН хүчтэй удирдагч, лидертэй учраас ард түмэн бидэнд итгэдэг. Ард түмний илтгэл найдвар, хүч чадал болсон МАХН-ыг хүчгүй болгож, хуваах гэж төрийн хамгаалалт дор Төрийн ордонд бийлэгжүү хурал хийлээ. Тэд луйвар хийхээр зэхэж байна. Харамсалтай нь тэр санаа нь бүтэхгүй гэдгийг нотолж та бид цугларсан байна. МАНАН-гийн савраас Монголынхоо ирээдүйг аврах тэмцэлд саад учирна. Энэ бол байдаг л зүйл. Сөрсөн салхи байж онгоц нисдэг юм. Бид Монголоо аврах болно. Монголд маш том асуудал бий. Хариулт нь бидэнд бий. Сайд дарга нэртэй улстөрч боолууд даварч байна. Тэд бол хаан болсон ард түмэнд үнэнчээр зүтгэнэ гэж амлаж гарч ирсэн боолууд юм. МАНАН бүлэглэлийн хулгай хийсэн мөнгө бол ард түмнийх. Энэ бүхнийг таслан зогсоохоор бид цугларсан. Овтшаарууд төр, хууль хяналтын байгууллагын эрх мэдлийг гартаа оруулж ард түмний эсрэг ажиллуулж эхэллээ. Гүйцэтгэх ажиллагаа хийдэг болсон. Өнөөдөр хаан байх учиртай ард түмэн боол мэт зовж байна. Монголын ард түмний ажилгүйдэл, ядуурал, нулимсан дээр МАНАН-гийнхан  найрлаж байна. Хааныг яаж эрх мэдэл, өмч, ажилтай, орлоготой болгох вэ гэдэг хариулт МАХН-д бий. Тэр бол Шинэ дээд Үндсэн хууль юм.

Хэнтий аймгийн МАХН-ын түмтийн дарга С.Орхонбаяр: О.БААСАНХҮҮГИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ

-Өнгөрсөн бямба гаригт төрийн өндөр хамгаалалтын дор Төрийн ордонд МАХН-ын нэрийг ашигласан хуурамч хурал болсон. Ажлын бус өдөр Төрийн ордонд жирийн хүмүүсийг ямар ч саадгүйгээр хэдэн автобусаар нь нэвтрүүлнэ гэж байх уу. Тэр дунд МАХН-ын намын батлахтай хүн байгаагүй. Би Хэнтий аймгийн түмтийн даргын хувьд наад хуралд чинь  орж үгээ хэлье гээд яваад очсон чинь “Таныг оруулахгүй. Тусгай заавраар хүмүүсийг оруулж байгаа өөр хурал” гэсэн. Намын гишүүнчлэлтэй зарим хүмүүс андуурч очсон байна гээд буцаад гарч байсан. Намын гишүүн биш гудамжинд явж байсан хүнийг Улаанбаатар руу ирж, очих зардлыг дааж, шинэ жилд оруулъя, бэлэг тараана гээд “Баянгол” зочид буудал, “Royal house”-д байрлуулсан байна лээ. Хурал шөнө үргэлжилж 00:00-02:00 цагийн хооронд ямар ч хяналтгүйгээр автобус дүүрэн хүмүүсийг зөөж Төрийн ордонд оруулсан. 500-600 цагдаагаар хамгаалуулж байгаад цэцэг өргөлөө. Гүйцэтгэх товчоо хуралдаж байж Бага чуулганаа зарладаг. Дараа нь Их хурлынхаа товыг зарладаг дүрэмтэй. Тиймээс О.Баасанхүү, Г.Бямбасүрэн намын дүрмээ унших хэрэгтэй. Энэ бол гэмт хэргийн шинжтэй хурал гэж бодож байна.

Сэлэнгэ аймгийн МАХН-ын түмтийн дарга А.Энхболд: НАМЫН СУРТАЛЧИЛГААНД ЯВЖ БАЙСАН ХҮМҮҮСТ МӨНГӨ АМЛАЖ АВЧИРСАН

- Над руу 3-4 хоногийн өмнө сонгуулийн үеэр намын сурталчилгаанд явж байсан гээд хэдэн настай хүмүүс “О.Баасанхүүгийн хурлын талаар асуух гэсэн юм. Бид намын гишүүн биш. Тэгээд биднийг хуралд ир гээд байна” гэж ярьсан. Намын сурталчилгаанд явж байсан хүмүүсийн замын зардлыг дааж, үнэтэй зочид буудалд байрлуулаад, мөнгө өгнө гээд аваад ирсэн байгаа юм. Тэгэхээр ямар хурал болсон нь ганцхан жишээгээр харагдаж байна. Миний хувьд намын түмтийн даргын хувьд орж байр сууриа илэрхийлье гэсэн боловч Төрийн ордон руу оруулаагүй. Тэр битгий хэл Сүхбаатарын талбай руу ч алхуулаагүй. Энэ үйлдэл МАХН-ыг хүчтэй байгааг харуулж байна. Намыг хагалган бутаргахын тулд О.Баасанхүү, Г.Бямбасүрэн тэргүүтэй хүмүүс гадны гар хөл болж, мөнгөний төлөө ашиглуулж байна. Нэг өрөө нь 160 мянган төгрөгийн үнэтэй зочид буудлыг бүхлээр нь хөлсөлж  хүмүүсийг байрлуулсан байна. Өнөөгийн нийгэмд мөнгө өгье гэвэл хэн ч ирнэ. Хурал эхлээд цагийн дараа намын даргыг чөлөөлдөг хурал гэж юу байхав. Үнэхээр үнэн зөв хурал болсон бол намын дарга илтгэл тавина, ЕНБД тайлангаа тавина, гишүүд дэмжигчид шүүмжээ хэлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин