Цэндийн ДОРЖГОТОВ

  МАН өнгөрөгч сон­гуульд ялагдлаа. Бөхөөр бол 90 жил аваргалсан нам. Энэ жил Сү.Батболд Ц.Нямдорж У.Хүрэлсүх нарын өнгөн дээр засуул С.Баярынхаа хамт өвдөг шороодов. Өвдөг шороо­доод зогссонгүй УИХ-ын дэгийг басамжилж, үл тоож, ихэрхсэн омгондоо эрдэж, анхдугаар чуул­ганыг 5-6 хоног гацааж, намаа төрийн дээр залдаг хуучин улс төрийн тов­чооны гишүүдийн зан­гаргаар бардамнан, тансаг ордондоо хуралдан томорч сууж эцэстээ УИХ-д бү­лэггүй хоцорсон. Хуулийг нулимахаас бус өмнө нь бөхийж үзээгүй нам “ин­гэж нэг үзсэн нь” хуулиа бүхнээс өндөрт дээдэлдэг иргэдийн бах тавыг хан­гав. Цаашид хуулиа яс дагах болж.

Төрийн ажлыг гацааж байж хийсэн сүртэй бага хурал нь сонгуульд намаа ялагдуулсан удирдлагадаа хаиуцлага тооцсон гэсэн. Намын дарга Сү.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, авилгач худалч хутган үймүүлэгч Ц.Нямдорж нар хариуц­лага хүлээсэн гэх хий хоосон нэр ёс төдий сонс­сон болоод, УИХ-д жаг­саалтаар заларчихав. Ха­риуцлага тооцож буй нь энэ гэнэ. “Ирэх сонгуульд намаа ялагдуулбал би хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэж сагсуурч байсан У.Хүрэлсүх чуул­ганы танхимд шааж унагах гишүүн хайхаас өөр зо­рил­гогүй сууна. Ц.Нямдорж бусад намаас сонгогдсон гишүүдийг эх орноосоо урвагчид, элсний 13, араас чинь бөөр лүү чинь хутаг шаана гэх ой гутам бүдүүлэг хараалаа урсга­хын ялдамд өөрийгөө ич­гүүргүй магтахаас ондоо нэмэргүй шүдээ хавирна. Хариуцлага тооцуулсан гэх МАН-ын удирдлага цөм сэнтийдээ агаад сахил хүртээд шал дордов гэгчээр олонхийн ажлыг унагааж л байвал, улс түмэн хамаагүй гэсэн нууц өмхий санаа араан­даа зуусан догшин хон­зогногчид болон хувирчээ. Ийм сөрөг хүчин юунд хүргэх бол гэсэн айдас төрнөм. Эмхэрч цэгцрээд хэдхэн сар болж буй шинэ засгийн газрыг унагахаар дайрах болгонд, шүүмж­лэл нь өөрсдийнхөө 20 жил төр засаг толгойлохдоо бантагнуулсан луйвар хулгайгаа сөхөхөөс хэтэр­сэнгүй. Ерөнхий аудитор­чоор нутгархаж өвөр­хангайн хүн тавилаа гэж Ц.Нямдорж УИХ-ын дар­гыг загнаснаас үүдэж, ХЗДХЯ, Монгол банк, Гаалийн, Татварын ерөн­хий газруудын авилга, хээл хахууль цэцэглүүлэх өндөр боломжтой орон тоонуудыг увсынхнаар дүүргэсэн нууц ноёнтон Ц.Нямдоржийн булхай сөхөгдөх жишээтэй. Мон­гол­банкны ерөнхийлөгч асан Батсүх, ГЕГ-ын дарга Б.Цэвээнжав, ТЕГ-ын дарга Б.Баттөмөр гурвуул увсынх бөгөөд Ц.Ням­дорж­той дөрвүүл хүч хав­сарч хийсэн нутгархаг томилгооныхоо үүрийг ин­гээд хөндөж орхив. Дуу­гай байсан бол хэнэггүй халхууд тоох ч үгүй өн­гөрнө. Бүх иргэддээ сар бүр 21 мянгыгаа өг! гэж сүрийг бадруултал, сон­гуульд бэлтгэн Д.Хаянхяр­вааг үүрэгдэж сангийнхаа авдрын ёроолыг малтснаа илчилчихэв. Хоосон ав­дар­наас юугаа би өгөх вэ гээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг гоморхоно. МАН-ын даварсан хэрүүл зарга шинэ төр засгийн бодлогыг шинжлэх, шүүмж­лэх иргэдийн орол­цоог тарамдуулж буйг үгүйс­гэх аргагүй. Хонзог­нол-ажил чөдөрлөж байна.

Бусад намууд болоод доодсыг ямагт азаргалж сурсан дураараа түрэмгий зан нь, бусадтайгаа адил­хан нэг зиндаанд чуулах ардчиллыг тэвчихгүй уур­сана. Дарангуйллаар жан­жилж сурсан эрх мэдлээ хөндөгдөхөд МАН-ын пост коммунист удир­дагчид реваншист болц­гоожээ. Хууль гол нь биш, хамгийн чухал нь зөвхөн зөвшилцөл байсан гэх мэдэгдэл нэрэлхсэн өчүү­хэн ч шинжгүй улайм цайм хийдэг болов. Зөв­шилцлөөр хууль зөрчиж ирсэн уламжлалт башир аргаа олонхид тулгасаар.

УИХ-ын дэгийг улан­даа гишгэж байж хуу­лиараа бүлэггүй үлдсэн нь тэдний буруу. Одоо тэгээд өөрсдийнхөө бурууг заса­хын оронд хуулиа засах гээд ханцуй шамлан үзэг барин дайрч байна. 24 цаг гэснийг 4 сар гэж сун­гахаас өөр МАН-д бүлэг­тэй болох гарц алга. Эс бөгөөс бүлэг байгуулснаа УИХ-ын даргад мэдэгдэж жижигрэхгүй гэсэн хууль батлах байх. Хууль зөрч­сөн хүн гэж сонссоноос хууль засдаг хүн гэж сон­соогүй. УИХ-аар баталж ёсчилсон хуулийг хөн­жилдөө, жорлонд дураараа ганцаараа засдаг Ц.Ням­дор­жоороо бахархдаг намд УИХ-ын дэгийг хүслээрээ өөрчлөөд намын бүлгээ байгуулахад гудийх юу байхав. Ийм араншинтай сөрөг хүчнийг сонгосон бүх сонгогчид нь нэгэн дуугаар тэднийг дэмжиж буйг МАН-ын дарга Ө.Энхтүвшин яаж тэгж сайн мэдсэн юм бол. За­рим сонгогчид нь тэдний бодлого үйлдэлд дургүй ч байгаа юм билүү. 40 хувь бүгдээрээ Ө.Энхтүвшинг дэмжиж буйг хэн хэрхэн тоолж, баталгаажуулсан юм бэ. Ийм баталгаагүй мэдэгдэл итгэгдэхээ боль­сон цаг. Юм л бол Мон­голын бүх сонгогчдын дөчөөд хувийн сонголтыг хөсөрдүүллээ гэдгээр хар аминыхаа хүслийг бие­лүү­лэх гэсэн увайгүй бод­логоо бүү хамгаал. Тэгээд ч УИХ-д намын жагсаал­таар арын хаалгадаж шургасан Ө.Энхтүвшин Н.Энхболд Ц.Нямдорж нарын 9 гишүүн бүх сонгогчдын дөчөөд хувийн сонголтыг авсан гэж он­гирох эрхгүй. Сонгогчид МАН-ыг сонгосон боло­хоос та 9-ийг нэр зааж сонгоогүй. Харин та 9 албан тушаалаараа айл­гаж, намын жагсаалтаар орох чадвартай шударга залуусынхаа урдуур тү­рэм­гийлэн дайрч орж ирчихээд одоо сонгогчдын 40-өөд хувийн саналыг эртэй сайндаа авсан мэт ханхалзахаа больж үз. МАН-аас тойрогт өр­сөлдөж ялсан хорь шахам гишүүдээс чинь хэн нь ч 40 хувь гэж сагсуураагүй. Жагсаалтаар УИХ-д орсон 9 чинь намаа сонгуульд ялагдуулсан хариуцлага хү­лээх ёстой намын удирд­­лага явсан луй­варчид.      

Энэ талаар УИХ дахь МАН-ны бүлгийн ахлагч Н.Энхболд өөрсдийгөө хэрхэн дүгнэж магтсаныг сонирхуулъя. Тэрбээр “Зууны мэдээ”-д өгсөн ярилцлагадаа: “Улс тө­рийн намын хариуцлагын тухай асуудал нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу, үгүй юү. Чадаагүй бол түүнтэйгээ хариуцлага тооцож,.. хэрхэн дүгнэ­хээс улс төрийн намын шударга, шударга бишийг дүгнэнэ. Энэ утгаар авч үзвэл манай нам шударга нам. Хамгийн сүүлд, урьд өмнө хэн ч хийж бай­гаагүй, цаашид ч манай­хаас өөр нам хийж чадах юм уу, үгүй юү гэхээр алхмыг бид хийж, намын удирдлага улс төрийн хариуц­лагаа хүлээсэн. Өөрсдөдөө хариуцлага тоо­цож чаддаг, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддаг нам гэдэг нь харагдаж байна” гэж олныг мэхлэж, магтуулах дуршилдаа  мангартжээ.

Урьд нь хэн ч хийж чадаж байгаагүй, цаашид хэн ч хийж чадахгүй намын улс төрийн ха­риуцлага хүлээж “шар­хад­сан” гэх Сү.Батболд Д.Дэмбэрэл Ө.Энхтүвшин У.Хүрэлсүх Ц.Нямдорж Н.Энхболд Д.Лүндээжанцан Я.Содбаатар Ж.Энхбаяр нар засрах нь байтугай олонх болсон гишүүдээс шааж унагахыг нь унагаж, хараахыг нь харааж, гүт­гэхийг нь гүтгэж, өөрс­дийнхөө бурууг бусдад чихээд, УИХ-ын даргыг хууль бус хэмээн онхол­дуулж, эвслийн Засгийн газрыг тараах ганцхан хорслоор довтолж буй нь зэвүүцэм. Сөрөг хүчин улс эх орон, ард олны сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэгч, шүүмжлэгч, хянагч байх үүрэгтэйг иргэн бүр андахгүй болсныг МАН эрхбиш тооцдог болоосой. 25-уулаа хүчтэй цөөнхийн үүргийг давуулан бие­лүүлж, 4 жилийн гавьш­гайч болохын төлөө зүтгэж, амь зуухад цалин хангамж нь элбэг хүрнэ. Тэгвэл юу нь дутаад хэдэрлээд байна вэ гэвэл, дураараа дургидаг эрх мэдлээсээ хагацвал оли­гар­хиудын авилга хумиг­даж, эрх тушаалаар ху­вийн бизнестээ цутгадаг луйврын хөрөнгө мөнгө гацах магадлал нүүрэл­сэнд хамаг учир оршном. 1990 онд энэ намыг татан буулгаж, хөрөнгийг нь хураагаагүйн горыг мон­голчууд эдүгээ эдлэж буй нь энэ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Энэ үг бас бүлэггүй хоцор­сон гишүүдэд ч хамаарч байх шиг.

УИХ-д намын жагсаал­таар арын хаалгадаж шургасан Ө.Энхтүвшин Н.Энхболд Ц.Нямдорж нарын 9 гишүүн бүх сонгогчдын дөчөөд хувийн сонголтыг авсан гэж он­гирох эрхгүй. Сонгогчид МАН-ыг сонгосон боло­хоос та 9-ийг нэр зааж сонгоогүй.