Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ “Хүүхэд хүчирхийлж тарчлаан зовоож амь насыг нь эрсдэлд оруулж, алсан гэмт хэрэгтэнг цаазаар авах хэрэгтэй. Манай улс цаазын хуультай байхад ийм төрлийн гэмт хэрэг бага байсан. Харин цаазгүй болсон сүүлийн жилүүдэд ихэсч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн учраас энэ саналыг гаргаж байна” гэв. Мөн энэ үеэр Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан “Бид нийгмийн давхарга болсон тэнэмэл иргэдээ алга болгосноор энэ асуудлыг шийднэ. 1990 оны эхээр траншейны хүүхдүүд гэж байсан бид тухайн үед тэднийг цуглуулж харъяа газар болон аймаг бүрт нь хүлээлгэн өгч байсан. 2016 оны сонгуулиар дахин тэнэмэл иргэдээ тоолж хурууны хээгээр бүртгэсэн. 800 орчим иргэн байсан. Сургалтад хамруулахаар 500 хүн цуглуулсан ч хог түүх үндсэн ажил нь орхигдох болоод буцаагаад явуулсан. Одоо тэднийг аймагт нь хүргэж өгөх, ажлын байраар хангах гэрээ байгуулах ажил үлдэж байна. Нөгөө талаар урьдчилан сэргийлэх баривчилгааны байр нь хүчирхийлэгч бэлтгэх дамжаа болсон гэж хэлж болно. Гэр бүлээ хүчирхийлэгчийг хэд хоногоор саатуулаад гэр рүү нь явуулахаар бие биеэсээ нарийн аргад суралцдаг. Тухайлбал, нүүрэн дээр нь дэр тавьж байгаад зодох, гуяны дотор талаас чимхэх гэх мэт. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг мөрдөж, хамгаалах, хүүхдийн хэрэгтэй тэмцэх мэргэжлийн тусгай багийг Цагдаагийн газар ажиллуулах шаардлагатай гэв. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нийгмийн асуудал болсон. Иймд хууль эрх зүйн орчны хэрэгжилтийг сайжруулах, нийгмийг эерэг мэдээллээр соён гэгээрүүлэх, олон нийт, хүүхдийг тогтмол мэдээллээр хангах зайлшгүй шаардлага бий болсон гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин