Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан нэг цаг орчим үргэлжиллээ. Хуваарийн дагуу таван хуулийн төсөл хэлэлцэж, асуулт асуух гишүүн байгаагүй учраас шуурхай баталлаа. Хуралдааны явцад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Энэ жилийн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв ажиглагдаж байгаа. Малчид өвс тэжээлийг махаар сольж болохгүй юу гэж асууж байна. Засгийн газар үүнийг шийдэж болох уу.  Хоёрдугаарт, улсын нөөцөд байгаа малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг судалж болох уу. Өвөл хүндрэхээр нэг хоёрдугаар сард 50 хувь хөнгөллөө гэдэг. Тэр үед мал муудчихсан байдаг. Тиймээс сумдын нөөцийн асуудалд одоо анхаарал хандуулсан нь зөв байх.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг:

-Энэ жил улсын хэмжээнд гантай, гандуу байсан учраас ургац алдсан. Малын тэжээл хангалттай бэлтгэж чадаагүй. 50 мянга гаруй тонн малын тэжээл бэлтгэх шаардлага байгаа. Санхүүгийн асуудлаа төсвийн тодотголоор шийдсэн. Бид 16 мянга орчим тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Оруулж ирсэн тэжээлээ хямд үнээр олгох ажлыг зохион байгуулна. Ялангуяа, мал, махаар солих ажлыг малчидтай ярилцана гэж байлаа.

Түүний дараа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс санал хурааж, төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив.  Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг гишүүд хэлэлцэж, баталлаа. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн тав байсныг долоо болгож, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд, Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулж байгаа юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд олон жил гишүүн байсан тулхтай гишүүн хэрэгтэй. Хараад байхад том түрийвчтэй нь эдгээр хороодод орж байна. Чухал дэд хорооныхоо асуудлыг зохицуулмаар юм. Бид УИХ-ын гишүүнтэй холбоотой чухал асуудлыг шийддэг. Одоо нэг гишүүн шүүх дээр асуудалтай байгаа. Шийдэж чадахгүй бол Монголын төр яаж цэвэр тунгалаг байх билээ. Энэ гурван дэд хороонд орохын тулд гишүүд хоорондоо өрсөлддөг болсон байна. Яах гэж улайран зүтгээд байгаа юм бэ. Монголын төрд итгэх итгэлийг бий болгохын төлөө л энэ гурван дэд хороо ажиллах ёстой. 2020 он болохоор шударга хүмүүс болчихно. Л.Болдын асуудлыг болохгүй. Цаашид дэд хорооны гишүүнийг өөрчлөхөөр бол ёс зүйгээр өөрийгөө баталгаажуулсан хүнээ тавих хэрэгтэй гэв.  Ийнхүү өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн батлав.

Мөн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тусгай дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин