-Ж.Мөнхбат: Эрх мэдэл, мөнгөтэй хүнд хууль, шүүхийн байгууллага үйлчилж байна-

Д.БОЛОР

 

МАН-ынхан анх удаа гудамжны улс төрд шилжлээ. Тэд олон удаа  “Төрийн эрхэнд гарсан олигархи. Хуулийг уландаа гишгэсэн улс төрчид” гэж дуудуулж байсан бол энэ удаа өөрсдөө хууль ёс, шударга үнэнийг шаардлаа. МАН-ын жирийн дэмжигчид нь Төрийн ордын хаалгыг, УИХ дахь гишүүд нь  чуулганы танхимын хаалгыг манаж Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй гэсээр өдрийг барав. Төрийн ордны гадаа эсэргүүцэл илэрхийлсэн хаалга манаж, лоозон барьсан дэмжигчдийн олонхи нь Өвөрхангайн иргэд гэнэ. Тэднээс та бүхний тэргүүлж буй хүнээс ярилцлага авъя гэхээр “Манайд тэргүүлэгч байхгүй. Бид Өвөрхангайн сум сумаас ирсэн. Хувиасаа зардал гаргаад ирсэн. Бидний сонголтыг өөрчилж байгаад бухимдсандаа тэр. Зардлаа бид өөрсдөө гаргасан шүү” хэмээн байн байн замын зардлын талаар ярьсаар байв. Жагсагчдын дунд УИХ дахь МАН-ын гишүүдээс гадна  УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Ц.Цэнгэл, Д.Очирбат нарын хэд хэдэн эрхмүүд “АН-ынхан иргэдийн сонголтыг шүүхээр шийддэг боллоо. Тэдний гарт шүүх, хяналтын байгууллага бүхэлдээ багтаж байгаа. Мөнгө, эрх мэдэлтэй хүнд үйлчилж байна. Үүний эсрэг ард түмэн тэмцэх хэрэгтэй” гэв.

       “АН-ЫНХАН  АРДЧИЛЛЫН БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮС”

Тухайлбал, Д.Очирбат “АН-ынхан хүч түрэмгийлэн манай намыг улс төрийн тавцангаас зайлуулахаар хичээж байна. Тэд  ардчиллыг тарьсан гэж ярьдаг ч өөрөө ардчиллыг устгаж байгаа юм. Энэ байдал удаан үргэлжилвэл цаашдаа өөр байдалд хүргэнэ шүү. МАН-ын зүгээс зөв гольдролд ортол нь тэмцлийн хэлбэрээ хэвээр хадгалах болно. Бид иргэд, сонгогчдынхоо саналтай нэгдэж байгаа учраас жагсаалд оролцож байна. Ер нь МАН 90 жилийн түүхтэй. Монголын  90 жилийн хөгжил цэцэглэлт, ардчиллын үнэт зүйлийг суулгасан нам. Бид АН-тай 2-3 суудлын зөрүүтэй байсан ч тэдэнд хүндэтгэлтэй ханддаг байсан. Гэтэл Засгийн эрхийг хууль бусаар ашиглаж МАН-ын бүлэггүй болтол нь хавчин шахаж байна. АН-ынхан бол ардчиллын баг зүүсэн хүмүүс” гэв.

       ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨНД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Харин “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат “Хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан тушаалаа авсны дараа эрх мэдэл, мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй. Хариуц­лагыг нь хүлээлгэнэ гэж мэдэгдсэн ч өнөөдөр амалсандаа хүрсэнгүй. Монголд  намд болоод баян хүнд үйлчилдэг хууль, хяналтын байгууллага хэрэггүй. Уг нь бид энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж удаан хүлээсэн. Албан ёсны мэдэгдэл гаргаад хуулийн дагуу ажилласан. Гэтэл өнөөдөр тэвчиж чадсангүй. Тэвчээрт хязгаар гэж бий. Өвөрхангай аймгийн нийт сонгогчдын эрх ашгийн төлөө бид жагсаалд оролцож байгаа юм. Маргааш /өнөөдөр/ Сүхбаатарын талбайд томоохон хэмжээний жагсаал зохионо. Харин бямба гаригт хугацаагүй улс төрийн суулт зарлана. Асуудал шийдэгдтэл тэмцэх болно” гэв.