Т.БАТСАЙХАН
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь татгалзсан. Д.Эрдэнэбат “Энэ хуулийн төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй байгаа. УИХ-ын даргын зөвлөл дээр яриагүй асуудлыг Д.Дамба-Очир оруулж ирсэн. Хэлэлцэх хуульгүй болчихлоо гээд төлөвлөгөөт бус цагаар Банкны чухал хуулийг оруулж ирж, хууль зөрчлөө. Банкны тухай хуулийн 50 хувь нь өөрчлөгдөхөөр байна. Үүнд хэд, хэдэн банкны эрхэд халдсан заалт орж ирж байна. Жишээлбэл, зээлийн дээд хэмжээний хязгаарыг төв банк тогтооно гэсэн заалт орж ирлээ. Банкны төлөөлөл, санхүүгийн төлөөлөлтэй уулзаж байр суурийг нь сонсох ёстой” гэв. Энэ үеэр гишүүд мөн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Эдийн засгийн хүндрэлээс гарах зайлшгүй шаардлагатай. Жижиг зээлийг бид том зээлээр төлөөд хэдэн жил аргаллаа. Өнөөдөр банкны байдал ямар байгаа талаар Монголбанкны удирдлагаас хаалттай хуралдаан хийж, сонсох шаардлагатай. Моргейжийн хямрал бодитой нүүрлэж байна. Своп зээлийн гэрээ дуусаж байгаа. Барилгын салбар зогсонги байдалд орсон. Тиймээс хуралдааныг хаалттай горимоор шийдье.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед банк, санхүүгийн байгууллагын чадамжийг дээшлүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, Монголбанк эрх мэдлийг өөр дээрээ авсан, арилжааны банкны асуудалд оролцсон, Засгийн газарт хариуцлага үүрүүлсэн хууль оруулж ирж байна. Аливаа өргөн барьсан хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийнхаа 50 хувиас илүү агуулга алдуулж болохгүй гэдэг. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулийн 80 хувийг өөрчилж байна. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Банк санхүүгийн асуудал их эмзэг. Бид хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв. Энэ хуулийн төслийг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн. Гэтэл эргээд оруулаад ирж байна. Банкийг татан буулгахыг прокурор шийддэг. Гэтэл Захиргааны шүүхээр шийднэ гэж оруулж ирж байгаа. Зөрчилтэй зүйл их байгаа. Бүх хуульд өндөр шаардлага тогтоосон хуулиа мөрдөх ёстой. Төрд буруу жишиг тогтоож болохгүй.
Ийнхүү гишүүдийн байр суурийг сонссоны дараа УИХ-ын дарга дээрх хуулийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт тав хоногийн завсарлага өгөв.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин