М.ГАН

 

Улс төр өчигдөр халуухан өрнөлөө.  Өвөрхангайд ялсан, ялаагүй гэх дөрвөн хүний асуудал Ардын намынхныг доргиож Сүхбаатарын талбайд жагсаж, Төрийн ордонд суулт зарлахад хүргэлээ. МАН-ын дарга нар гудамжинд анх удаа эсэргүүцлийн үг хэлж, УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хүчээр хааж хууль тогтоох байгууллагын нэг өдрийн ажлыг гацаасан юм. Төрийн ордонд анх удаа эсэргүүцлийн цуглаан болж, Ардын намынхан лоозон барьж суусан нь онцгой содон байлаа. МАН-ын дарга Ө.Энхтүвшин,  гишүүн Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж нар чуулганы танхимын төв хаалгыг буйдангаар хааж дээр нь тухалжээ. Мөн бусад гишүүн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын чуулганы танхимд орж, гардаг арын хоёр хаалгыг хааж суусан байв. Ингэхдээ эсэргүүцлийн уриа, лоозон бүхий цаас барьжээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Ардчилсан нам ардчиллыг булшиллаа”, Сү.Батболд “Ард түмний сонголт эцсийнх”, М.Энхболд “Хууль гууль боллоо”, Н.Энхболд “Шударга байцгаая. Ерөнхийлөгч өө”,  Ц.Нямдорж  “Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч Ерөнхийлөгч өө, үгээ хэл”, Д.Оюунхорлол “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ?”, С.Бямбацогт  “Монгол Улс ардчилсан улс биш боллоо” гэсэн бичигтэй лоозон барьцгаасан байв.

Ардын намынхны энэ үйлдлийг харсан хүмүүс “Дандаа тамга атгадаг дарга нар лоозон барьж үзэх хэрэгтэй”, “Хойморт тухалдаг дарга нар үүдэнд суулаа”, “Ардын намынхан хашааны гадаа гарч үзэх хэрэгтэй”, “Эр хүмүүс тамга ч барьдаг, лоозон ч барьдаг” хэмээн цахим хуудаст сэтгэгдлээ үлдээсэн байв. Өвөрхангай аймгаас сонгогдсонд тооцож УИХ-ын гишүүнээр тангараг өргүүлэхээр нэрийг нь өргөн барьсан Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөх ёслол өчигдөр болох байсан юм. Ардын намынхан сонгуулийн дүнг эсэргүүцэж, ялалт байгуулж гишүүний түр үнэмлэхээ авсан тус намын нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын талд гаргасан шийдвэрийг өөрчилснийг ийн эсэргүүцсэн юм. Төрийн ордонд болсон эсэргүүцлийн суултыг Ардчилсан намын гишүүд гайхаж байв. Чуулганд орохоор ирсэн гишүүд хаалга хааж суусан гишүүдтэй уулзаж санал, бодлоо илэрхийлж байлаа. Тухайлбал, гишүүн Ц.Оюунгэрэл “Долоон Гүндалайг харахад сонин байна” хэмээн хошигноод буцав. Гишүүн З.Баясэлэнгэ  “Хяналтын шат, дээд шүүх эцсийн шийдвэр гаргасны дараа асуудлыг шийдэх нь зөв байх. Сүүлийн 20 жил ардчилал нэрийн дор хуулийн завхрал явж байсныг мэдрэх цаг нь болсон. МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөн л адил шүүхийн шийдвэр гараагүй байхад СЕХ нэрийг нь татсан асуудал гарсан. Хууль шүүхийн байгууллага улс төрийн намуудын захиалгаар асуудлыг шийддэг болсон. СЕХ анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу” гэж хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэв. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх нь зөв гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ нь хувь гишүүний байр суурь гэдгийг онцлов. “Шударга ёс” эвсэл албан ёсоор байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгийг тэрээр хэллээ. Харин Ж.Батзандан “Ардчилсан парламентад байх ёстой жирийн үзэгдэл. Өнөөдөр Монголд ардчилал байна. Ардчилал байгаагийн томоохон илрэл нь сөрөг хүчин бойкот тавьж байна. Сөрөг хүчний тавьж буй шаардлага, саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Жагсаал цуглаан хийх, эсэргүүцлээ илэрхийлэх нь ардчиллын үндсэн зарчим. Гэхдээ хийх ажил их байгаа учир чуулганы хуралдаан зав­сар­лалгүй үргэлжлээсэй гэж бодож байна” гэв. МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболд “МАН-ын гишүүд ийм арга хэмжээ авч байгааг Монголын ард түмэн ойлгож, биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна. Ардчиллын хамгийн эхний алхам, хамгийн эхний соёл болох ард түмний сонголтыг хэрэгжүүлэхгүй байна. СЕХ нэг намаас хамааралтай шийдвэр гаргаж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан гишүүд маань УИХ-д суух эрхгүй, харин ялагдсан нөхдүүд тангараг өргөх гэж байгааг МАН-ыг сонгосон ард түмний 40 гаруй хувь эрс эсэргүүцэж байна. Орон нутгийн шүүхийн шийдвэрүүд гараагүй байхад СЕХ тогтоол гаргасан нь үйл явцын хувьд алдаатай болсон” хэмээв.

Экс гишүүн Л.Гүндалай Ардын намын гишүүдийг суулт зарласныг мэдээд Төрийн ордонд яаран орж иржээ. Түүнийн олон жилийн өмнө парламентын танхимд лоозон барьж эсэргүүцсэн аргыг Ардын намынхан ашигласан гээд доогтой хэдэн үг хэллээ. Тэрээр “Бидний байр ингэж солигдох гэж. Тэр тусмаа Ц.Нямдорж ингээд сууж байгаа нь сонин харагдаж байна” хэмээн бах таваа ханатал баахан инээв. “Яг 10 жилийн өмнө хийж байсан үйлдлийг маань энэ хүмүүс ойлгоогүй байж. 2002 оны намрын чуулганы үеэр би ингэж эсэргүүцэл  илэрхийлж байсан. Түүнийг буруу­гаар ойлгожээ. Гэхдээ би чуулганы хуралдааныг тасалдуулаагүй. Бусдад саад болоогүй. Би өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж байсан. Гэтэл энэ хүмүүс миний ардчиллын төлөө тэмцэж байсныг буруугаар ойлгож байсан нь өнөөдөр харагдаж байна. Хаалга хааж суух нь буруу” хэмээн суулт зарласан МАН-ын дарга нарыг тавлаж, тохуурхаж аваад гарлаа.

Ардын намын гишүү­дийн суулт оройн 18:00 цаг хүртэл үргэлжилжээ. Тэд өнөөдөр тэмцлийн өөр хэлбэрийг сонгож бүх нийтийг хамарсан цуглаан зохион байгуулна гэсэн мэдээлэл байна.