УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд томилох тухай асуудлыг хэлэлцлээ. БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Батын Хурцыг томилох тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 11 нь буюу 78.6 хувийн саналаар дэмжлээ. Хуралдааны үеэр Элчин сайдад нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж саналаа хэлсэн юм.  Хуралдааныг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-БНСУ-д Монголын маш олон иргэн амьдарч байгаа. Тэдгээр иргэдийн аюулгүй байдал, амьдрах нөхцөлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

Элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурц:

-БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 40 гаруй мянган иргэн бий. Тэдний аюулгүй байдлыг тусгай чиг үүргийн хүрээнд хангаж ажиллана.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Манай яамнаас хэд хэдэн тодорхой асуудлаар Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс мэдээлэл авсан. Тиймээс энд нууцын зэрэглэлтэй мэдээлэл хэлэх боломжгүй шүү гэдгийг сануулъя.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Ер нь бол журам, горим гэх зүйл байхгүй болжээ. Жишээ нь, Япон улсад суух Элчин сайдаар томилох хүний асуудал 130 хоног хүлээгдэж байна. Элчин сайдаа томилж чадахгүй болсон. Канадад суух Элчин сайд 115, АНУ-д суух Элчин сайд 75 хоног хүлээгдэж байна. Хэзээ Ерөнхийлөгч энэ асуудлаар шийдвэр гаргаж, УИХ-тай хэлэлцэх вэ. Хэзээ тэр элчингүүдийг томилох вэ? Энэ бол Монгол Улсын парламентын харилцаанд гарч байгаагүй үйлдэл шүү. Элчин сайд нараа томилохгүй байна гэдэг нь найрсаг харилцаатай орнуудын хооронд байж болохгүй асуудал.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал:

-Таван Элчин сайдын асуудал удааширсан зүйл бий. Гадаад харилцааны сайдтай хамтран асуудлыг шийдэж, зарим нэг Элчин сайд нарын асуудалд эхнээс нь анхаарч байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Засгийн газар энэ асуудлыг яаж хүлээж авсан бэ. Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юу.  Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан.

Элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурц:

-УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хйод Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Нэр бүхий улстөрчид болон Тагнуулын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хэрнээ таны хийсэн мэдэгдэл, хэлсэн зүйлс зэрэгтэй холбоотойгоор олон нийтийн эргэлзээг тайлах цаг болсон. Монголын төр ийм ноцтой асуудал гарч ирж байхад хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ойлгохгүй байна. Хэн дуртай нь чи алуурчин, хүн алсан, алаагүй гээд маш олон эргэлзээ үүсгэж байна. Энэ эргэлзээг тайлахгүйгээр томилгоо хэлэлцэж байгаа нь буруу. Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшигчийн талаарх олон нийтийн дунд гарсан мэдээллийг юу гэж үзсэн талаар мэдээлэл өгөөч.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал:

-Засгийн газраас нэр дэвшигчийг томилох саналыг хэлэлцээд, дэмжсэн. Ерөнхийлөгч нэр дэвшигчтэй холбоотой бүх мэдээлэлтэй танилцаж, томилохыг дэмжсэн.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Засгийн газрын хуралдаанаар АТГ, хуулийн байгууллагаас тодорхой мэдээллүүд авсан. Энэ улс орны аюулгүй байдлын үүднээс бодлого гаргаад явах боломжтой. Тагнуулын ерөнхий газар гэх том байгууллагыг удирдаж байсан туршлагыг нь тооцоолж, томилгоог дэмжсэн.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-БНСУ-д маш олон монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Ялангуяа хараар ажиллаж байгаа, суралцаж байгаа хүмүү­сийн визний асуудал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Монгол-Солонгосын соёлын дархлааг хамгаалах, эдийн засаг нийгэм харилцан ашигтай ажиллах ямар бодлого баримтлах вэ?

Элчин сайдад нэр дэвшиж буй Б.Хурц:

-40 гаруй мянган монгол иргэн БНСУ-д амьдардаг. Үүнээс 12 мянга орчим нь харласан гэсэн албан бус тоо бий. Хоёр тал визний асуудлыг аль болох хөнгөлөлттэй нөхцөлтэй болгох тал дээр жил бүр тодорхой алхам хийж ирсэн.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Нэр дэвшигч хүчний байгууллагад олон жил ажилласан, монгол төрийн төлөө зүтгэж байсан хүн. Одоо бол та цэргийн байгууллагын тушаалаар ажиллах хүн биш учраас дипломат харилцаанд суралцаж, улсын төлөө тодорхой сайн алхам хийх байх гэж найдаж байна. Нээлттэй сонсголын үеэр нэр дэвшигч Б.Хурц одоо байгаа энэ олон эргэлзээ, үл ойлголцлоо нэг тийш болгоод, шинэ ажилдаа явсан нь дээр гэж бодож байна. УИХ-ын гишүүд хэлж буй үг хэллэгээ бодож, соёлтой баймаар юм. Арай л хэтрээд байна.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, тэр дундаа АНУ, Франц, Япон зэрэг улс орнуудын харилцаанд хэрхэн анхаарал хандуулж, ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? Монгол төр ийм марзан болсон юм уу? Монголын төрийн гадаад бодлого цаашид нэг цонхоор явах уу? Нэр дэвшигч Б.Хурц дипломат албан тушаалд очиж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Өмнө нь та хариулах боломжгүй, хариулахгүй байж болдог ажил, албан дээр байсан бол одоо хариулахаас өөр аргагүй болсон шүү. Дипломатчийн хувьд хариулт өгөх шаардлагатай.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Гадаад харилцааны яаман дээр өөр нэр дэв­шиг­чийг судлах асуу­дал байгаагүй. Элчин сайд бол зохих бүх түвшинд яригдаж байж, шат дамжлага дав­даг томилгоо. Нэр дэвшигчийг дипломат алба, гадаад бодлого, аюул­гүй байдлын чиг­лэлээр ажиллаж байсан туршлагатай хүн гэж үзэж, нэр дэвшүүлсэн. Өөр нэр дэвшигч яригдаагүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин