Х.ОЮУНБОЛД
Иран болон Иракийн хилийн ойролцоо бүс нутагт өнгөрсөн ням гаригт 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас нас барсан иргэдийн тоо 200 гаруй болоод байна гэж Ираны эрх баригчид мэдээлэв. Тус улсын Онцгой байдлын албаныхан Ираны Press Tv телевизийнхэнд ойролцоогоор 200 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн. Мөн цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй гэсэн байна. Харин Курда Рудав телевизэд Иракийн зүгээс мэдээлснээр Курдистанд хамгийн багадаа зургаан хүн нас барж, 500 хүн бэртэж гэмтсэн. Цаашид энэ тоо нэмэгдэх магадлалтай гэжээ. Мөн газар хөдлөлтийн улмаас Ираны 70 мянга гаруй иргэний гэр нурсан байна. Ерөнхийлөгч Хасан Рохани Дотоод явдлын яамныханд газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийн хүмүүст яаралтай тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ. Үүний дагуу яамныхан гамшгаас учирсан асуудлыг хэлэлцэх зорилгоор хуралдсан байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Иракийн Халабажа хотоос 32 километрийн зайд 33.9 километрийн гүнд илэрсэн байна. Газар хөдлөлт болсон бүс нутагт аврах албаныхан ажиллаж байна гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин