Х.ОЮУНБОЛД

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр ОХУ-ын цагдаа нар  Москвагийн төв гудамжинд жагсаж олон нийтийн амар амгаланг алдагдуулсан хэргээр 380 гаруй хүнийг баривчилж саатуулсан байна. Тэдний 13-ыг нь СанктПетрбург, 346  хүнийг Москвагаас баривчилжээ. Тус агентлагаас үүнийг  Артподготовка сөрөг хүчнийхний зохион байгуулсан үйл ажиллагаа байж болох юм гэж таамаглаж байна. Хөдөлгөөний удирдагч Вячеслав Мальцев ОХУ- аас зугтаж гарчээ. Тэрээр тайван замаар хувьсгал хийнэ хэмээн сүрдүүлээд байсан билээ. Сөрөг хүчнийхний эсрэг цагдаагийн газраас явуулсан үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. Энэ үеэр Дотоод хэргийн яам болон Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Вячеслав Мальцевын толгойлдог хөдөлгөөний гишүүдийг баривчилсан байна. Холбооны аюулгүй байдлын албанаас сөрөг хүчнийхэн “Оросын большевик хувьсгалын 100 жилийн ой болохоос хоёр хоногийн  өмнө олон нийтийн тайван байдлыг алдагдуулж, үймээн дэгдээх зорилгоор эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөсөн байсан” гэж мэдээлэв. Түүнээс гадна оросын тагнуулын албаныхан сөрөг хүчнийхнийг Москвагийн засаг захиргаанд харьяалагддаг олон байрыг шатаахаар завдсан гэж буруутгасан байна. Сөрөг хүчний удирдагч Вячеслав Мальцев Ерөнхийлөгч Путинг огцрох хүртэл түүнийг дэмжигчдийг  ОХУ-ын бүх хотын гудамжинд гарч жагсах хэрэгтэй гэж уриалаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин