Т.БАТСАЙХАН

МАХН-ын ХIХ бага чуулган хоёр өдөр үргэлжиллээ.  Чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн.  Орон даяар өрнөсөн “Баярлалаа” аяны үр дүн,  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн явц, намын дүрэмтэй холбоотой асуудлыг бага чуулганы гишүүд хэлэлцжээ.  Энэ талаар өчигдөр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл өглөө.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: ТӨРД ЗОРИУЛСАН ИРГЭН БИШ, ИРГЭНД ЗОРИУЛСАН ТӨРИЙГ БИЙ БОЛГОНО

-Манай нам  ээлжит  бага чуулганаараа Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Шинэ Дээд Үндсэн хуулийнхаа асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн.  Энэ асуудлаар 60 гаруй мянган км явж, давхардсан тоогоор нэг сая гаруй хүнтэй уулзжээ.  Үндсэн хуулийнхаа утга агуулгыг сурталчиллаа. Ард иргэд маань халуун дотноор хүлээн авсан. Энэхүү Шинэ Дээд Үндсэн хуулийг  баталснаар ард иргэдэд тулгамдаад байгаа олон  асуудал зэрэг шийдэгдэх боломжтой болж байна.  Мөн монгол хүн төрийн хамгаалалтад байх ёстой.   Энэ асуудлыг шинэ Дээд Үндсэн хуульд маш өргөн хүрээнд суулгаж өгсөн. Дэлхийн 50 гаруй орны  Үндсэн хуулийг бид үзсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглал харж судалж, хуулийг санаачилсан байгаа.  Төрд зориулсан иргэн биш,  иргэнд зориулсан төрийг бий болгохын төлөө бид зүтгэнэ. Энэ асуудлыг бид бага чуулганаараа  ярилцсан. Мөн МАХН-ынхаа үзэл баримтлал зорилго чиглэлийг тодорхойллоо. Мөн манай намын хэсэг нөхөд намын удирдлагуудад  шаардлага хүргүүлсэн байдаг. Шаардлагад намын ээлжит бус бага хурал, намын их чуулган зохион байгуулах тухай асуудлыг тусгасан.  Өөр улс төрийн намын гишүүн болон манай намаас гарсан гишүүд шаардлагад гарын үсэг  зурсан байсан. Гэхдээ бид шаардлагын хүлээн авсан.  МАХН бол дотоод ардчилалтай нам. Тиймээс  энэ шаардлагын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж  үзсэн.

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар: АЯНЫХАА ҮР ДҮНГ ЧУУЛГАНДАА ТАНИЛЦУУЛСАН

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам ард түмний хүчтэй дэмжлэг авч чадсан. Тиймээс МАХН “Баярлалаа” аяныг улс орон даяар зохион байгууллаа. Улс төрчид сонгууль болохоор л  ард түмнээсээ санал гуйдаг. Дараа нь ялсан ч, ялагдсан ч алга болчихдог. Тэгвэл бид сонгогч олондоо эргэж очоод “Та бүхэндээ баярлалаа. Сайхан сэтгэл, итгэлээр дэмжсэний чинь хүчинд би улам хүчтэй тэмцэнэ. Баярлалаа” гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хагас сая хүний дэмжлэгийг авсан улс төрийн хүчний хувьд ард түмэндээ баярлалаа гэж хэлэх учиртай. Энэ аяныхаа үр дүнгийн талаар чуулгандаа танилцуулсан.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: НАМЫН ГИШҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТАЛААР ХЭЛЭЛЦСЭН

- Намыг хагалан бутаргах энэ үйл ажиллагааг бид тодорхой захиалгатай үйлдэл гэж үзэж байна. Улс төрийн гуравдагч хүчин болсон манай намыг нийгэмд муухай харагдуулах гэж олон янзаар үзэж байна. Энэ асуудлаар бид намын бүх гишүүддээ хандсан анхааруулга гаргасан. Мөн шаардлага гаргасан хүмүүст мэдэгдэл хүргүүлсэн байгаа. 30 гаруй хүнтэй уулзаж энэ тухай тогтоолыг танилцуулж, аливаа асуудлыг ардчилсан  зарчмаар бүгдээрээ  суугаад хэлэлцэнэ. Аль нэг улс төрийн бүлэглэлээс мөнгө авч, намын нөхдөө эвгүй байдалд оруулах шаардлагагүй гэж үзсэн. “Их тэнгэр”-т болж байгаа хурлыг буруушааж байна. Олон аймгийн төлөөлөгчид ирсэн. Тэд төөрөлдсөн байдалтай байна. Бусад намын гишүүд манай намын бага чуулганыг хуралдуулах шаардлага тавьж байгаа нь холбогдох хууль, тогтоомж, намын дүрэмд огт нийцэхгүй  асуудал. Гарын үсэг зурсан гишүүдийн тоо нь мөн дүрэмд заасан тоонд хүрэхгүй байгаа. Энэ асуудалтай  холбогдуулан  мөн Сонгуулийн тухай хууль батлагдсантайгаар намын дүрэмд хоёр өөрчлөлт орууллаа.  Үүнд УИХ-ын 76 тойргийн тоогоор мянгадтай байна гэсэн дүрэм маань журам хэлбэрээр хэрэгжиж байсан. Үүнийг үндсэн дүрэмдээ оруулан баталлаа. Намын гишүүдэд хариуцлага тооцох журмыг хэлэлцүүлсэн. Манай намын дүрэмд гишүүнээс хасах асуудал байгаагүй. Гэтэл  бусад намын даалгавраар намд элсэн  сонгуулиар манай намын эсрэг ажиллах үйлдэл ажиглагдсаар ирсэн. Тиймээс намынхаа бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулсан,  нэр дэвшигчийн эсрэг үйлдэл гарсан гишүүнийг   намын гишүүнчлэлээс хасна гэх заалтыг дүрэмд оруулсан хэмээлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин