С.УЯНГА

Эрх баригч 65-ын бүлэг хоёр хуваагдаад удаж байна. Өмнөх Засгийн газрыг огцруулах асуудлаас болж “өрх тусгаарлаад” байсан МАН-ын хоёр бүлэг шинэ Засгийн газар бүрдсэн сар гаруйн хугацаанд эвлэрсэнгүй бололтой. Тус намын гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн 33, нөгөө талд М.Энхболдын гэх 32-ын бүлэг гэж албан бусаар хуваагдаад байгаа юм. Тэгвэл төдийлөн хэл амаа ололцоогүй байсан бүлгийн гишүүдийн хагаралыг энэ удаад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улам хурцатгалаа. Сангийн сайдын томилгоотой холбоотой УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан нь МАН-ын бүлгийг хэдэн өдөр дамнан, хэсэг бүлгээрээ ордны өнцөг булан бүрт хуваагдан хуралдахад хүргэжээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байхаар санал нэгдсэн ч өчигдөр зарим хүмүүсийн энэ байр суурь өөрчлөгдсөн бололтой. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой хоригийг хэлэлцэхээр болоход МАН-ын 32-ын бүлэг хоригийг хүлээн авах талаар ярьж эхэлсэн нь нөгөө 33-ийнхаа дургүйг хүргэсэн. Тиймээс намын бүлэг хоёр тусдаа хуралдаж, ирэх оны төсвөөр халхавч хийн завсарлага авсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм. Мөн өчигдөр үдээс хойш 17:00 цагт хуралдахаар цуглаж эхэлсэн МАН-ын бүлгийнхэн гишүүдээ цаг гаруй  хүлээгээд өнөөдөр 10:00 цагт хуралдахаар тогтоод таржээ.

Улмаар 65 гишүүнээс 24 нь ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимыг орхин гарсан байна.

Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотойгоор тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн ч гишүүдийн 90.6 хувь нь хүлээж аваагүй юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Лицензүүдийн жагсаалтыг харахад эзэмшигчдийн нэрс тодорхой харагдана. Ч.Хүрэлбаатарын хамаатан нь уул уурхайн томоохон лиценз эзэмшигч” гэсэн юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Намайг Сангийн сайдаар томилогдох үеэс яригдаж эхэлсэн сэдэв. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж байгаа улстөржилт гэж харж байна. З.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Увс аймагт очоод шившигтэйгээр хөөгдөж ирсэн. Тэрэндээ өс зангидаад байгаа юм болов уу. Намайг анх томилогдох үед Ерөнхийлөгч эсэргүүцэж байсан. Одоо хориг тавьж байна. Энэ улстөржилт цаашид ч үргэлжилнэ. Би хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй тэмцэнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Мөн тэрээр намынхаа бүлгийн гишүүдийг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу гэсэн сэтгүүлчдийн асуултад “Гайгүй байх” хэмээн хариулж байсан бол өнөөдөр журмын нөхөд нь хоригийг хүлээж авах талаар яригдаж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн МАН-ын 32-ын бүлэг АН-ын гишүүдтэй нийлээд Сангийн сайдаар “туг тахих” нь гэсэн мэдээлэл ч дуулдаж эхлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин