Ш.ОЮУНЖАРГАЛ
МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдоржтой ярилцлаа.
-Сүүлийн үед МАХН дотор янз бүрийн асуудал үүсч, О.Баасанхүү гишүүн намаа хоёр хуваасан гэх юм. Энэ асуултаас яриагаа эхэлье?
-О.Баасанхүү Орхон аймгаас МАХН-аас нэр дэвшиж тэндээс суудал авсан нь үнэн. Гэхдээ МАХН-аас гараагүй. Энэ намын гишүүн хэвээр байгаа. Харин Гүйцэтгэх товчооны гишүүнээс түүнийг хассан. Намын Бага чуулганы гишүүн ийм байдалтай байж болохгүй гэдгийг анхааруулж хэлсэн. Намынхаа ажилд нэг ч удаа оролцдоггүй, нам дээрээ ирдэггүй. Тийм гишүүн байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Энэ зарчмын асуудал. Ганц О.Баасанхүү ч биш өөр олон хүн намын ажилд оролцох идэвх оролцоо байхгүй байгаа. Тэгсэн байтлаа нэлээд том юм ярьдаг шүүмжилдэг. Өнөөдөр манай намд гишүүн болгоны оролцоо идэвх хэрэгтэй байна. Үүнийг шууд хэлэх ёстой. Тэгэхээр МАХН, О.Баасанхүү гишүүн хоёрын хооронд үл ойлголцол бий болсон гэж яриад байна л даа. Түүний шалтаг шалтгааныг О.Баасанхүү өөрөө гаргаж байна. Заримдаа О.Баасанхүү гишүүний хэлж, ярьж, биеэ авч яваа байдлыг харахад эрүүл үү, үгүй юү гэмээр. Ямар нэгэн харийн шашнаас болж ухаан санаа нь муудчихсан юм биш байгаа. Жишээ нь, есдүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсдийн хөшөөнд МАХН-ын дарга О.Баасанхүү цэцэг өргөв гэсэн мэдээлэл явж байсан. Тэр нь МАХН-ыг буруутгасан, энэ намыг чадах гэсэн, ер нь цаад утга агуулга нь энэ намыг байхгүй болгох гэсэн явуулга эхэлж байна л даа, МАХН-ыг ХҮН нам шиг болгоно гэх зүйл дуулдаад байна. “Миний ард асар их хүч байна, мөнгө байна гэх. Зарим нь бидний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа” гэж ярьж байгаа. Бид Ерөнхийлөгчийг ийм ажилд оролцох хүн биш гэж итгэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний төлөөлөл, эв нэгдлийг хангагч. Тийм тохироо хийж байна гэдэг байж болохгүй асуудал. Гэхдээ Ерөнхийлөгчөөс ийм авир араншин үйлдэл гараагүй болов уу гэж би хувьдаа итгэж байгаа. МАХН-ын онц их хурлыг хуралдуулах шаардах бичгийг О.Баасанхүү, мөн Нийслэлийн МАХН-ын дарга байсан Д.Бямбасүрэн нар гаргасан сурагтай. Тэнд нь 73 хүний нэр байна лээ. Гэтэл тэд гарын үсэг зураагүй гэж яриад байгаа.
-МАХН Монголын улс төрийн түүхэнд 2012 оны сонгуулиар албан ёсоор бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан. Гэтэл ХҮН нам шиг болгоно гэдэг нь гуравдагч хүчин гэдэг зүйлийг байгуулахыг хүсэхгүй байгаа МАН, АН-ын туйлын зорилго, түүний захиалга гэсэн хардалт байна?
-Наадах чинь бодитойгоор гарч ирж байгаа сэжиг таамаг шүү дээ. МАН, АН хоёр ээлжлээд төр барьж байна. Монголын сонгогчид энэ хоёр намд итгэхийн дээдээр итгэсэн. 50 суудлаа өгч байлаа. Энэ удаад МАН-д 65 суудлаа өгсөн. Энэ бол ард түмэн сонгогчдын итгэл. Энэ итгэлийг зүтгэлээр хариулах ажиллагаа энэ хоёр намд байхгүй байсан. Өнөөдөр олигархи бүлэглэл хүчээ авсан, баян ядуугийн ялгаа эрс бий болчихсон. Монголын үндэсний баялаг, ашигт малтмалыг харьд худалдчихсан, олсон орлогоо оффшорт хийчихсэн. Сонгууль болгоныг луувар булхай болгодог байдал энэ хоёр намын үйл ажиллагаанд харагдаж байна. Тэгэхээр алийн болгон монголчууд ийм байдалтай байх юм бэ. Саналаа өгөөд байдаг, тэр санал нь эргэж тусдаггүй. Тэгэхээр ард түмнийг зүгээр төрийн эрх мэдлийг авах шат дамжлага, хэрэгсэл болгочихсон. Энэ байдлыг халахаас өөр арга байхгүй. Монголын ард түмэн сонгогчид юуг хүсч хүлээж байна гэхээр эрүүл саруул үйл ажиллагаатай, ард түмнээ боддог, сонгосон сонголтоо хүндэтгэж үздэг. Ард түмэнтэйгээ эргэх холбоотой, нийгэм, эдийн засагт тулгараад байгаа асуудлыг шийдэх чадвартай, ийм улс төрийн хүчнийг хүсэн хүлээж байна.
-Өнөөдөр бидний ярьж заншсанаар гурав дахь хүчин бол МАХН. Өнгөрсөн хугацаанд парламентад суудалтай ч байсан, энэ удаагийн Их хурлын сонгуульд нэг суудал авсан. Энд та тайлбар өгөөч?
-Нэг талаас нь харахад АН,МАН-ыг харсан харзнал гэж ойлгож болно. Энэ намууд үнэмлэхүй олон санал авчихаад яаж ажиллаж байна вэ гэдгийг Монголын сонгогчид харж байгаа. Энэ хугацаанд МАХН-ынхан дотоод үйл ажиллагаандаа анхаарч байна. Нөгөө талаас, Монголын ард түмний язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн тогтолцоотой байх тухай асуудлыг хөндөж байна. Энэ юу вэ гэхээр 1992 оны Үндсэн хууль цаг үеэ өнгөрөөчихсөн байна. Дээд төрийн тогтолцоо ард түмэнд халтай болчихжээ. Тиймээс шинэ Үндсэн хуулийн төсөл дээр бид сууж байна. Төр нь цэвэр, түмэн олны санал нь амьдрал дээр эргэж буудаг, шударга ёсоо дээдэлсэн тогтолцооны Үндсэн хуулийн дээд ёсыг бид боловсруулж, танилцуулаад явж байгаа. Манай нам шиг өөрийн контенттой, өөрийн байр, сууриа бичгээр гаргаж ирэх нам байхгүй. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр МАХН ард түмний нам, ард түмэн юу хүсэн хүлээж байгаа нь манай намын бодлого, үйл ажиллагааны төвд байх ёстой гэж бодож ажилладаг нам. Жишээ нь, энэ бол О.Баасанхүү нарын яриад байгаа сонгуульд амжилтгүй оролцлоо гэдэг шиг зүйл биш ээ. Нам дээрээ ирдэггүй улсууд яаж ажиллаж байгааг нь мэдэхгүй байх аргагүй. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын сонгогчдын 409 мянга буюу 30 хувь нь манай намд саналаа өгсөн. Бид сайн ажилласан. Эндээс ард түмэн нэг зүйлийг мэдэж байгаа. Сонгуулийн луйвраар л манай нэр дэвшигчийг гаргаагүй шүү дээ. Манай намын нэр дэвшигч бол үнэмлэхүй олон санал аваад ялчихсан л байхгүй юу. МАХН сонгуульд амжилтгүй оролцлоо гэдэг үнэлэлт дүгнэлт байх ёсгүй.
-Уламлалт хэв маягаас ард түмэн зайлсхийж эхэллээ. Тэгэхээр гуравдагч хүчин эх орон ч гэдэг юм уу тийм үзэлтэй намууд давамгайлдаг боллоо?
-Өнөөдөр дэлхий нийт өөрчлөгдөж байна. Улс төрийн хүчнүүдийн бодлого үйл ажиллагаа ард түмэнд таалагдахаа больчихлоо. Тэдний үйл ажиллагаа өнөөдөр нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Тиймээс гуравдагч хүчнийг үнэхээр хүсч байгаа юм. МАХН гуравдагч хүчний байр суурин дээр байгаа учраас эрх баригчид айгаад байна. Өөрсдөө л өрөөний хэдэн хүн төрийн толгой барих гээд. Тиймээс магадгүй МАХН-ыг гутаах, дотроос нь эв эеийг нь алдагдуулах, зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулж байгаа нь нууц биш. О.Баасанхүү, Д.Бямбасүрэн нарын ард тийм л хүмүүс байгаа. Гуравдагч хүчин болох МАХН-аас айж байгаа.
-30 гаруй нам улс төрийн үйл ажиллагаа явуулдаг ч сонгуулийн үеэр идэвхжиж эрх баригч хоёр намын захиалгаар хөдөлдөг. Тэдэнд худалдагддаг. Эсвэл нөгөө хэд нь захиалгаар нам үүсгэж гуравдагч хүчнүүдийг хооронд нь тохиролцуулдаг арга барил яваад байна?
-Та яг бодит мэдээлэл хэлж байна. Олон нам байгаагийн ач тус харагдахгүй байна. Ер нь сонгуулийн үед идэвхжиж мөнгө олох сонирхолтой болчихсон. МАХН-ын хувьд нэг сонгуулиас дараагийн сонгуулийн бэлтгэл хангах, ард түмэнд өөрсдийгөө харуулах, үйл ажиллагаа явуулж байна. Манай нам шиг ард түмэнтэйгээ эргэх холбоотой нам харагдахгүй байна л даа. Иргэд сонгогчдын 30 хувь нь саналаа манай намд өгчээ. УИХ-ын 65 суудал авсан МАН ард түмэндээ баярлалаа гэж хэлсэн үү гэвэл үгүй шүү дээ. Өмнө нь олон суудал авч байсан АН тэгж хэлсэн үү гэвэл үгүй. Тэгвэл бид Монголын сонгогчиддоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө саналаа өгсөн, дэмжсэн сонгогчдодоо баярлалаа гэж хэлж байгаа.
-ХҮН нам хагарч бутарсан хамгийн том тод жишээ болчих шиг боллоо. 2014 онд байгуулагдсан гэж үзвэл 2016 оны сонгуульд орох хүртлээ хэдэн ч даргын нүүр үзэв. Нам дотроосоо хагарч бутарч байгаа нь юунаас шалтгаалж байна вэ. МАХН-д ч ийм зүйл халдаах гэж үзээд байна. Тэгэхээр энэ халдвараас яаж дархлааг бий болгож байна вэ?
-Аливаа улс төрийн хүчинд дотоод эв нэгдэл юу юунаас чухал. ХҮН намын хувьд энэ намыг байхгүй болгохын төлөө ажилласан. Дотор нь байгаа олиггүй улсуудаар өөрийнхөө хоолойг багалзуурдуулсан байхгүй юу. Эрх барьж байгаа намууд ээлжлээд төрийг барьж байх, хэдэн олигархийг шүтчихсэн. Тиймээс гарч ирж байгаа шинэлэг тийм улс төрийн хүчнийг эхний алхмаас нь байхгүй болгохыг үзэж байна. ХҮН нам эв эегүй байдлаас болж бутарч байхгүй болсон. МАХН-ыг ч гэсэн ийм зорилгоор дотроос нь хагалах үйл ажиллагаа явуулах гэж байна. О.Баасанхүүгийн яриад байгаа, бидний ард мөнгө байна, шүүх бидний гарт байгаа, одоо намыг задлах ёстой, намын даргыг солих ёстой гэдэг нь овлигогүй хүмүүс улс төрийн үгэнд орох нь их амархан гэдгийг харуулж байна. Тэд мөнгөнд хөтлөгдөж өөрийнхөө үзэл бодлоосоо урвадаг. Намын хамт олон, журмын нөхдийнхөө үгийг сонсдоггүй, нам дээрээ ирдэггүй. Харин хэдэн хүн цуглачихаад энэ намыг өөрчилье гээд явж байгаа нь зориуд санаатай үйлдэл болж байна.
-73 хүн гарын үсэг зурсан гэж байсан. Зарим хүмүүс нь огт зураагүй юу болсон юм бол гэж ярьж байна. Эхлээд цагаан цаас явуулаад зуруулчихдаг дүр зураг өмнө нь ажиглагдаж байсан. Дуурайлгаж зурсан юм уу?
-Энд холбогдсон хүмүүсийн ихэнх нь гарын үсэг зураагүй гэсэн. Дуурайлган зурж байгаа нь их байна. Энэ 73 хүнээс 33 нь намын Бага чуулганы хүмүүс байгаа юм. Энэ 33 хүн би зураагүй гэсэн. Сайн намтай байх тухай, нам нь сайн ажилтантай байх тухай дотоод ажил нь ил тод байх тухай шаардлага байлгүй яахав, үүнийг бүгд хүсч байна. Энэ завшааныг ашиглаад намынхаа гишүүд, сонгогчдодоо бидний эв нэгдэл маш чухал, сонор сэрэмжтэй байцгаая гэж хэлмээр байна.
-Намуудыг харахаар удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлэг дэмжээд, бүлгээс гарсан шийдвэрийг улстөрчид дэмжээд явах маягтай байна. Тэгэхээр О.Баасанхүү гишүүн МАХН-ын нэрээр сонгогдсон гишүүн. МАХН-ын шийдвэрийг тодорхой хэмжээний бодлого дээр тусгаж байх ёстой байх. Тиймээс намаараа орж гарч байх ёстой үндсэн статусаа биелүүлэхгүй байна уу даа?
-О.Баасанхүү өөрийгөө залуу хүн олон удаа сонгогдоно гэж бодож байх шиг байна. Эхний нэг сонголтоор ингэж биеэ тоож болохгүй л дээ. Хүний хувьд төлөвших ёстой, суралцах ёстой. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн ямар байх ёстой юм. Зан араншин мэдлэг, мэргэжил гээд олон шаардлагыг хангаж байж хэрэгжинэ. Нөгөө талаас УИХ-д сууж байгаа хүн намынхаа бодлогыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж байх ёстой. О.Баасанхүү гишүүн энэ дээр маш том алдаа хийсэн. Нэг жишээ нь Эрдэнэтийн 49 хувийн асуудал ярихад ард түмэнд тустай байх ёстой. Энэ нь манай намын бодлого болон Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд чухал асуудал байлаа. Тэгэхээр намын бодлогыг тэр хүн авч явж чадахгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин