Дожоогийн Цэдэв гэдэг эрхмийг манай сонин “Хүн судар” гэдэг шинэ буландаа анхны зочноор урьсан юм. Тэгээд ярилцлагынхаа эхэнд эрдэмтэн зохиолч, судлаач энэ хүний тухай хэлбэл хар багаасаа уран зохиолд шимтэн дурлаж бичиж туурвих замаасаа хэзээ ч хазайлгүйгээр бараг л жижгэвтэр номын сан байгуулчихаар арвин их бүтээлийн эзэн болсон хүн юм билээ л дээ.
Тиймийн учир эхлээд Д.Цэдэв гэж хэн бэ гэсэн асуултад бэсрэгхэн хариулт өгье гэж бодов. Түүний намтарт тун даруухан бичлэг бий. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх. 1956 оноос бага сургуулийн сурагч ахуй үеэсээ шүлэг зохиол бичиж эхэлсэн. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, судлаач С.Буяннэмэхийн болон Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Монголын нууц товчооны билгэдэл зүй” сэдэвт зохиолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан гээд өөрийнх нь бичсэн энэ намтар богино ч гэлээ цаана нь Дожоогийн Цэдэв гэдэг хүн харагдаж байдаг.
Ер нь хүн гэдэг бодьгалын хувьд зарим нэгэнд хачин гэмээр бодогдож мэдэх хүн л дээ Цэдэв гуай. Элдэв магтаалын үгийг бол сонсох тун дургүй бололтой юм билээ. Өөрийг нь нүүрэн дээр нь магтаж байхад ерөөс хөөрч баясахгүй бүр байтлаа буруутан мэт царайлна гээч.
Цэдэв гуай үзэл бодлын зарим тал хаалттай өмнөх нийгэмд өөрийнхөөрөө байж чадсан. Харин цаг наргүй бичих, туурвихын хажуугаар илүү дутуу үгтэний атаа жөтөөнд өртөж матуулж, муулуулж явсандаа сэтгэлийн хат, ухааны цөлх суусан хүн юмсанж. Тийм болоод харыг цагаан, хатууг зөөлөн, халууныг хүйтэн гэх өнөөгийн ойлгомжгүй нийгэмд ч Цэдэв Цэдэвээрээ л явна. Энэ хүний бүтээлийг тоочоод баршгүй ээ. Шүлэг найргийн дөрвөн ном, 200 гаруй тууж, өгүүллэг, кино, 100 гаруй дууны үг, дээр нь судалгааны бүтээл олон арван боть байдаг. Үүнийг бодохоор Цэдэв гэдэг хүнд бүтээхгүй, туурвихгүй цаг гэж байхгүй юм даа гэж болно.
Д.Цэдэв гуай шүлэг зохиол бичээд л түүнийгээ ном болгон хэвлүүлж суудаг жирийн нэг зохиолч биш ээ. Монголын уран зохиолын их өвийг хойч үедээ үлдээх гэж байнга бодож эрэлхийлж явдаг их холын хаялагатай ухааны эзэн юм. Тийм болоод л их хүмүүсийн эх бичвэрт хийсэн судалгааныхаа үндсэн дээр олон арван ном бичиж. Тэр дотор Монголын орчин үеийн уранзохиолын гол төлөөлөгч Д.Нацагдоржийн зохиолын бүрэн эмхэтгэл, Ц.Дамдинсүрэнгийн зохиолын тухай судалгааны таван боть, С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд” нэртэй дөрвөн боть гэж бий. Цаашлаад үе үеийн зохиолчдын зохиол бүтээлийг Цэдэв гуайд уншаагүй судлаагүй ном ховор байх шүү. Тэр бүхнийг нь бүрэн баринтаглачих юм бол Монголын уран зохиолын түүхийн асар зузаан боть ном болохсон билээ.
Эрдэмтэн зохиолчийн маань мэдлэг, оюуны авдрыг бүрэн уудалбал Монголбанкны сан хөмрөгт хадгалагдаж байдаг их алтнаас үнэтэй юм бий биз ээ. Түүнээс нь өчүүхэн ч атугай хэлтэлж уншигчиддаа хүргэх санааны үүднээс ярилцлагаа толилуулмуу.


Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин