М.БААСАНДЭЛГЭР
АТГ-аас яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ танилцуулж эхлэхээр болжээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллах хугацаандаа иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн байна. Энэ долоо хоногт Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэх юм байна.
Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн. Байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Т.Баярхүү: АВЛИГА ХҮНД СУРТАЛЫГ МЭДЭЭЛЭХ УТСАНД 17 МЭДЭЭЛЭЛ ИРСЭНЭЭС 10-ЫГ НЬ БҮРТГЭЖ АВСАН
-Манай хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд БЗД-ийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс, ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны төв, орон нутгийн удирдах албан тушаалтнууд, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын байцаагч гэх мэт нийт 484 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгуулсан. Олон нийтийн төвд авлига-хүнд суртлыг мэдээлэх 18001969 дугаарын утсыг тогтмол ажиллуулж, иргэд, олон нийтээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэлтийн талаар иргэдэд эргэн мэдээлж эргэх холбоотой ажилладаг. Түүнчлэн уг утсаар хандаж байгаа иргэдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг. Энэ сард нийт 17 дуудлага хүлээн авснаас 10-ыг нь гомдлоор хүлээн авч, долоон иргэнд хууль эрхзүйн зөвлөгөө, лавлагаа өгөөд байна. Тухайлбал, СХД-ийн XX дугаар хорооны иргэнээс 18001969 утсаар “Сутайн буянт ХХК СХД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гэдэг гудамжинд нийтийн эзэмшлийн газар, улсын онцгой обьект болох шилэн кабелийн шугамыг таглаж төв замын далан дэрлүүлэн дөрвөн давхар барилга барьж байсан. Энэхүү барилга баригдсан газар нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд агаарын шугам явахаар тусгагдсаныг тасалсан” гэх гомдол өгсөний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын холбогдох албаны хүмүүсээр шалгалт хийлгэхэд уг хэрэг тогтоогдсон. НМХГ-аас тус компанид албан шаардлага хүргүүлэн Зөрчлийн тухай хуулиар шийтгэлийн арга хэмжээ ногдуулах арга хэмжээг авсан.
Х.Хашбаатар: АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХОЁР ХҮНИЙГ ИЛРҮҮЛЖ ШАЛГАЛАА
-Манай хэлтэс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянасан. Үүнээс ашиг сонирхлын зөрчилтэй хоёр, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 мэдүүлэг байна.
Эндээс илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр хүн байсан. Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх” гэж заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон. Тус хэлтэст энэ хугацаанд нийт 47 өргөдөл ирсэн. Үүнээс 12-ыг нь шийдвэрлэсэн. Одоогоор ажиллагаанд 36 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Н.Дамдинсүрэн : ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН
“Энэ сарын байдлаар Мөрдөн шалгах хэлтэс нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад байна. Өмнөх онд тус хэлтэс 193 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь 48.7 хувиар өссөн дүнтэй байна. Өссөн шалтгаан нь энэ оны долдугаар сарын нэгнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Нийт 83 хэргийг шүүхэд шилжүүлэх, 42 хэргийг хэрэгсэхгүй болгох, 34 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, 14 хэргийг өөр хэрэгт нэгтгэж, гурван хэргийг түдгэлзүүлж, одоо мөрдөн байцаалт хэрэг бүртгэлтийн шатанд 111 хэргийн үлдэгдэлтэй байна. Мөн энэ хугацаанд 325 хэрэг шалгасан. Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил есдүгээр сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хамгаалж ажилласан. Шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэргээс Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг,”Цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэн ажиллаж байна” гэв.