Ч.ОЛДОХ , Т.САЙХАН
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн байхыг шийдэх учраас олон нийтийн зүгээс хүлээлт дагуулсан МАН-ын Бага хурал өчигдөр 11:00 цагт товлогдсон ч хугацаанаасаа хоёр цагийн дараа эхлэв. Уг нь Бага хурлын олонх гишүүн цагтаа ирсэн ч Удирдах зөвлөл хуралдаж байгаа хэмээн хүлээлгэсэн.
Удирдах зөвлөлийнхөн Ерөнхий сайдад нэр дэвших гурван хүний нэр дээр тохиролцож, хэлэлцэх асуудлаа тодорхой болгосон нь энэ юм. Бага хурлыг сурвалжлах хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд МАН мандат олгосны дагуу хэвлэлийнхэн Тусгаар тогтнолын ордонд орсон. Харин орж гарч буй бусад хүмүүсээс хаашаа орох, хэдэн давхарт гарах, хэнтэй уулзахыг “байцааж” байлаа. УИХ-ын зарим гишүүний туслах гишүүнтэйгээ уулзах гээд орж чадахгүй байна хэмээн үүдэнд зогсч байв. Орсон зарим хүний араас “сүүл” зүүж байгаа нь үүднээс эхлэн харагдаж байлаа. Ийнхүү эхэлсэн Бага хурал дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Тэр нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлт, түүнтэй холбоотой хариуцлагын асуудал, 2017 оны арваннэгдүгээр сарын 20-21-нд болох намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох журам, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах тухай байв.
12:00 ЦАГ
МАН-ын жирийн гишүүдийн байгуулсан “Тусгаар тогтнол зуун жил” ТББ-аас намынхаа удирдлагууд болон УИХ дахь гишүүд, Бага хуралдаа хандан уриалга гаргасан нь цахим орчинд цацагдав. Уриалгад “Удахгүй зохион байгуулагдах Намын Их хурлаар хэлэлцэх асуудалд “давхар дээл”-ийн асуудлыг оруулан хэлэлцүүлж, цаашид УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүнээр томилогдон, сайдын ажлыг хавсран гүйцэтгэх эсэх, гүйцэтгэх тохиолдолд ямар зарчим баримтлах тухай асуудлаар тодорхой улс төрийн шийдвэр гаргуулах саналыг тавьсан боловч бидэнд дорвитой хариултыг өгсөнгүй.Өнөөдөр хуралдах МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний ерөнхий дүр зураг гарах төлөвтэй байгааг олон нийт анхааралтай ажиглаж байна. Чухам энэ цаг үед “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлэх зориг, сэтгэлтэй гишүүд Та бүхний дунд байгаа гэдэгт найдаж байна. Бид “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадахгүй юмаа гэхэд ядаж ерөнхий чиг үүргийн яамдаас бусад буюу чиглэлийн яамдынхаа сайд нарыг УИХ-ын гаднаас томилох шийдвэрт хүрч, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтаа амь оруулах шаардлагатай байна. Энэ асуудал нь шинээр байгуулагдах Засгийн газрын тогтвортой байдал төдийгүй төрийн эрх мэдэл хоорондын харилцан тэнцвэр, хүний эрх, эрх чөлөөний баталгаанд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй ч УИХ-ын гишүүнээр сонгогдоод хууль тогтоох эрх мэдэлтэй болдгоос биш бүхий л салбарт ажиллах ур чадвар, эрдэм мэдлэгтэй болдоггүйг санах хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан УИХ дах МАН-ын гишүүдээс хэд нь өөрсдөө “давхар дээл” өмсөх хүсэлдээ хөтлөгдөн кнопоо дарсныг хэлэхэд бэрх юм. Хатуухан хэлэхэд УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүдийн хувьд бүгд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж шингэх боломжгүйгээс хойш “урдах ажлаа хийж” өөрсдийн хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлээд, харин Засгийн газарт ажиллах бололцоотой намын бусад боловсон хүчний ажил эрхлэх боломжийг хаахгүй байх нь шударга ёсонд нийцнэ байх. Учир нь тогоон дотроосоо халиад байгаа албан тушаал, эрх мэдлийн төлөөх хэрүүл тэмцэл хийж буй өнөөдрийн боломжийг МАН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийн хамтын хөдөлмөр зүтгэл бий болгосныг дахин сануулъя.МАН-ын Бага хурлын гишүүд Та бүхнийг өнөөдрийн хурлаар “давхар дээл”-ийн асуудлыг хөндөн хэлэлцүүлж, намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан давхар дээлийг хязгаарлах заалтыг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна” гэсэн байв.
13:00 ЦАГ
Бага хурал албан ёсоор нээлтээ хийв. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлын 300 гаруй гишүүнд хандсан илтгэлээ сонордуулав. Тэрээр “МАН үнэмлэхүй олонх болчихоод анх удаа Засгийн газраа огцруулж байна. Энэ асуудлыг арай өөрөөр шийдэх гээд Удирдах зөвлөлийг хоёр удаа, УИХ дахь МАН-ын бүлгийг хэд хэдэн удаа хуралдуулсан. Засгийн газрыг огцруулах нь сайн, муу хоёр талтай. Энэ удаагийнх муу үр дагавар бүү дагуулаасай. 2016 оны сонгуулийн дараа шинээр ажилд томилогдсон хүмүүсийн 51 хувь нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн санал болгосон хүмүүс байна. Шахааны томилгоог зогсоох цаг болсон, хүнийг чадавхи, ур чадвар дээр тулгуурлаж томилдог болъё. Сонгуульд тусалсан, сайн байсан гэдгээр төрийн албанд очдог байсныг болиулья. Хүний нөөцөө эртнээс бэлтгэх, цалин, хангамжийг нь сайжруулах байдлаар бодлогоо өөрчилж шинэчилье” хэмээн илтгэлдээ онцолсон юм. Улс төр ажиглагч, судлаачид үүнийг нь намын даргын зүгээс гишүүддээ хаягласан мессэж хэмээн цахим хуудаст жиргэж байлаа.
13:30 ЦАГ
Хурлын нээж, намын дарга илтгэл тавьсны дараа хуралдаан хаалттай горимд шилжиж сэтгүүлчдийг гаргав.
14:00 ЦАГ
МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүн хоёр цаг гаруй хуралдсаны эцэст завсарлав. Хуралдаан завсарлангуут МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Удирдах зөвлөлөөс гурван хүний нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байна. Энэ хүмүүс бол Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар юм. Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхдээ нэг хүн дээр тогтохыг хүссэнгүй, намын Бага хурлын гишүүдэд сонголт хийх боломж олголоо. Дээр нь намынхаа эв нэгдлийг батжуулахын төлөө гурван нэр дэвшигч оруулж, санал хураалгахаар болсон. МАН-ын Бага хурлаас олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барина. Ялагч бол намынхаа эв нэгдлийг хамгаалсан, намынхаа санаа бодлыг тусгасан, нийгмийн өмнө тулгамдсан олон бэрхшээлийг даван туулах алхам хийх ёстой талаар Удирдах зөвлөлийн гишүүд ярьсан” гэв.
Дээрх гурван нэг дэвшигч дээр нэмж заалнаас нэр дэвшүүлж болно гэдгийг намын гишүүд хэлж байсан юм. Энэ тухай асуултад Д.Амарбаясгалан “Одоогоор заалнаас нэр дэвших хүсэлт гаргасан хүн байхгүй” гэлээ. Энэ үеэр Бага хурлын гишүүд ч бас сэтгүүлчдийн асуултад хариулж, үзэл бодлоо хуваалцаж байсан юм. Тухайлбал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Гурван нэр дэвшигч хоорондоо яриад тохиролцоод ороод ирэх байх” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
16:50 ЦАГ:
МАН-ын Бага хурлын завсарлага дуусч үргэлжлүүлэн хаалттай хуралдав. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаарх нэгдсэн дүгнэлтийг хэлэлцэж, Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах хэлбэрээр хурал үргэлжилж байгаа мэдээлэл байв. Удалгүй Тусгаар тогтнолын ордны VII давхарт зохион байгуулагдаж байгаа Бага хурлын орчинд хэвлэл мэдээллийнхнийг байршиж ажиллахыг хориглон I давхар руу буулгав.
17:50 ЦАГ
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх Ёс зүйн ерөнхий хорооны дүгнэлтийн талаар гишүүд хэрэлдэх, бухимдахыг хослуулан хуралдаанаа үргэлжлүүлж байв. Өөрөөр хэлбэл, гадна орчинд цацагдаад байсан МАН-ын талцал, тэмцлийн талаарх мэдээллүүд дотооддоо гал асааж байсан гэхэд болно.
ДУГААР ШИЛЖИХ МӨЧ БУЮУ 21:15 ЦАГ
Гишүүд асуулт асууж, үг хэлж дуусаагүй МАН-ын Бага хурал үргэлжилж байв. Нийт 47 гишүүн үг хэлэхээр бүртгүүлсэн ч дөнгөж талдаа ороод байгааг эх сурвалж хэлэв. Үг хэлэх хугацааг таван минутаар тогтоосон учраас хурал сунжрахаар байгааг ч зарим нь хэлж байсан юм. Гишүүд үг хэлж дууссаны дараа шинэ Ерөнхий сайдыг тодруулахаар Бага хурлын гишүүд дунд нууц санал хураалт явуулахаар төлөвлөсөн аж. Санал хураалтын дүнг нэгтгэх, тооллогын комиссын дүнг сонсох гэхчлэн хуралдсаар бараг шөнө дөлөөр 30 дахь Ерөнхий сайдын нэрийг тодруулна. МАН-ынхан өмнө нь ч ингэж ирсэн гэдгийг ажиглагчид хэлж байсан юм.

