Б.ДАМДИН-ОЧИР
У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ нэлээд эрт мэдэгдсэн. Тэр утгаараа МАН-ын өнөөдрийн Бага хурал дээр өрсөлдөх нэр дэвшигчдийн хамгийн хүчтэйд тооцогдож байгаа юм. Тэрээр Ерөнхий сайдад өрсөлдөх болсон шалтгаанаа “...Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа....Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи” гэсэн юм.
Мөн У.Хүрэлсүх Монгол төрийг төвхнүүлэх гурван тулгуурт бодлогоо ийн танилцуулсан юм. У.Хүрэлсүх “...Одоо бид шинэ цагийн “Хичээн эрмэлзэх зүйл”-ээ тунхаглан зарлах цаг болжээ. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай. Ингэхийн тулд бидэнд “Шинэ сэргэлт” авчирсан шийдэмгий бодлого хэрэгтэй байна. Бид дор хаяж хөгжлийн бодлогоо 10-15 жилээр харахгүй бол болохгүй нь.
Нэгдүгээрт. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Мөн баялгийн сандаа тулгуурлан хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болжээ.
Хоёрдугаарт. Төрийн нэгдсэн стандарт. Нийгэм нь түрүүлж, төр нь хоцорлоо. Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, хот хөдөөд унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй.
Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй.
Төрийн үйлчилгээ ч хүнд сурталгүй, заасан цаг хугацаа, заавраасаа эхлээд бүх зүйл шилэн болох ёстой.
Улс төр нь солигдсон ч төрийн мэргэшсэн албан хаагч нь тогтвортой ажилладаг эрх зүйн орчин бүрдэх учиртай.
Гуравдугаарт. Үндэсний ялгарал ба соёлын дархлаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд монголчууд бид хаана байх ёстой вэ. Бидний хамтын мөрөөдөл, хүрэх цэг юу юм бэ. Нүүдлийн соёл иргэншил, түүнд шингэсэн соёлын өвөө орчин үеийн иргэншилтэй, шинэ үеийн иргэдтэйгээ хэрхэн уялдуулах вэ? Бид зүүний, барууны хөгжил гэж зөндөө л ярилаа. Тэгвэл Монголын хөгжлийн төсөөлөл ямар байх ёстойг цаг алдалгүй тодорхойлох шаардлагатай болоод байна.
Товчдоо орлогын тэгш байдал, үндэсний ялгарал, хариуцлагатай засаглал гэсэн гурван зүйл аль ч улс орны хөгжлийн суурь тулгуур нь байдаг” гэж байгаа юм.
Өдгөө Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэж буй У.Хүрэлсүхэд намынхнаас нь гадна олон нийтийн дэмжлэг их бий. Нөгөөтэйгүүр түүнд Монгол төрийг төвхнүүлэх “Шинэ сэргэлт” гурван тулгуурт бодлого байна. Төрийн ажил дан ганц зарчмаар биш бодлогоор явах учиртай билээ.
