Б.ДАМДИН
НИТХ-ын XI хуралдаан энэ сарын 22-ны баасан гаригт болсон. Энэ хурлаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг чөлөөлөв. Улмаар түүний орны хүнийг томилох сонгууль болсон юм. Үүнээс өмнө 20-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлөөр Ц.Сандуйгийн өргөдлийг хэлэлцэж, түүний оронд Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нарыг нэр дэвшүүлэхээр болжээ. Ингээд хурал болж, Ц.Сандуй чөлөөлөгдөж, НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг тодруулсан. Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татаж, Г.Төмөрбаатар нь С.Амарсайханыг “заалнаас” нэрийг нь дэвшүүлснээр Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёр өрсөлдсөн юм. Санал хураахад НИТХ-ын энэ удаагийн хуралд оролцсон 44 төлөөлөгчийн 17 нь Д.Баярсайханыг, 17 нь С.Амарсайханыг дэмжиж, 10 нь “цагаан” санал өгсөн байв. Дашрамд хэлэхэд НИТХ-ын 45 төлөөлөгчийн 33 нь МАН-ынх юм.
Харин санал хураалтын дараа МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ер нь МАН ямар нэг томилгоотой холбоотой асуудлаар “томчуудын” эрх ашгийг зөрчих гэвэл завсарлага авдаг боллоо гэсэн шүүмжийг улс төрийн хүрээнд ярьж байна. Тэр нь саяхан болсон ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын дарга М.Энхболдын өгсөн завсарлага, хэлэлцэх асуудалд өөр сэдэв оруулсан зэргийг хэлж буй бололтой. Нөгөөтэйгүүр Ц.Сандуй огцорсноор Улаанбаатар хот 22 жилийн дараа МАН-ын дарга М.Энхболдын хяналтаас гарлаа гэцгээж байна.
Ажлын тав хоног буюу дараагийн долоо хоногийн даваа гариг хавьд хуралдах НИТХ-ын хурлаар НИТХ-ын даргын сонгууль үргэлжилнэ. Тэгэхээр Д.Баярсайхан, С.Амарсайхан гэж хэн бэ гэдгийг намтраас нь үзье.
НИТХ-ын тэргүүлэгч Д.Баярсайхан 1960 оны долдугаар сарын 11-нд төрсөн. 1979 онд Дарханы Политехникийн сургууль, 1987 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Удирдахуйн ухааны магистр юм байна.
Тэрээр 1979-1981 онд Мах комбинатад нормчин, чанар шалгагч, 1981-1990 онд Зүүнбаянгийн цэргийн хуарангийн трестэд орлогч дарга, 1989-1990 онд Худалдааны IV конторт бригадын дарга, 1990-1991 онд 86 дугаар дэлгүүрийн эрхлэгч, 1991-2000 онд “Их баян нуур” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, 2009 оноос Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны дарга, 2008-2009 онд “Их баян нуур” ХХК-ийн зөвлөх, 2009-2012 онд Нийслэлийн ЖДҮДТ-ийн Дарга , 2012-2016- онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга, 2016оноос НЖДҮДТ-ын даргаар ажиллаж байгаа ажээ. Мөн 2004, 2008, 2016 онуудад МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч, 1992, 1996, 2000,2004 онуудад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 1998 оноос одоог хүртэл Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 1998 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн одоог хүртэл, 2004-2012 он хүртэл Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч гишүүн, 1998 оноос Сонгинохайрхан дүүргийн МАН хорооны тэргүүлэгч гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж буй юм байна.
НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан 1973 оны зургадугаар сарын 13-нд төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.
1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан
2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажиллажээ.
Сонгуульт ажлын тухайд 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо, “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн байна. Мөн 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, Өмч хувьчлалын комиссын гишүүнээр ажиллаж байгаа.
НИТХ-ын даргад нэр дэвшигч энэ хоёр эрхмийн “..Хотын төлөө ажиллаж, хотоо хэр сайн мэдэх вэ” гээд харвал Д.Баярсайхан нь илүү юм байна. Тэрээр 2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлснээс хойш энэ их айлаас салаагүй ажээ.
