Б.ЭНХЗАЯА
Сумын багш. Энэ л хүний мэдлэгийн цонхоор хөдөөгийн хөрслөг бор жаалууд дэлхийг тольдож, ертөнцтэй танилцана. Сумын багш малчны хотоос ирээдүйн эрдэмтэн, жүжигчин, бүжигчин гээд их авьяасын үүдийг нээж, амьдралын их далайд хөтөлдөг ачтангууд юм. Тиймээс сониныхоо энэ удаагийн “Миний багш”-аар Өвөрхангай аймгийн Уянга сумын сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит ахлах сургуулийн бага ангийн багш Г.Болортуяаг онцоллоо. Тэрээр хөдөөгийн буйдхан нутгийн багачуудад боловсролыг түгээхээр зорьж буй бүсгүй. Энэ салбартаа 10 гаруй жил ажиллахдаа багш, сургалтын менежер хоёрын аль алиныг хийж явжээ. Тийм болохоор бага ангийн багшийн зовлонг ч мэднэ, асуудлыг ч ойлгоно. Боловсрол шинжлэх ухааны яамныхан хөдөө нутгийн салбартаа хөгжлийн түлхүүрээ “илгээсэн”-ээ зарласан. Харин хөдөөгийн багш нарт яамны “илгээлт” хэрхэн буудаг бол. Энэ талаар хөөрөлдсөнөө толилууъя.
ХӨДӨӨГИЙН БАГШ НАР ХАМГИЙН БҮТЭЭЛЧ БАЙДАГ
-Залуус мэргэжлээрээ хотод ажиллахыг хүсдэг. Харин та төгссөнөөсөө хойш суманд ажилласан байна?
-Сүүлийн үеийн залууст төв газар руу хошуурдаг хандлага байдаг. Гэхдээ ажлын гараагаа хөдөөнөөс эхлэх нь багш хүний үндсэн суурь сайн тавигддаг гэж боддог. Хотод орчин нөхцөл, сургалтын материал бэлэн байдаг бол хөдөөгийн багш нарт тийм биш. Бид гараараа бүх юмаа хийж, толгойгоо ажиллуулан илүү бүтээлч байдаг. Тэр нь багш хүний хөгжих нөхцөл гэж боддог юм.
-Яагаад бага ангийн багшийн мэргэжил сонгов?
-Бага ангийн багш болохыг арван жилд байхдаа мөрөөддөг байсан. Миний багш алтан гадас одонт Тогоотав гэж хүн бий. Багш маань нэлээн настай болсон хойноо манай ангийг дааж авч байсан юм. Гэвч биеэ яаж авч явдаг, хүүхдүүдийн төлөө сэтгэлээсээ хэрхэн өгдөгийг багшаасаа л харсан юм. Багшийгаа хараад ийм л багш болох юмсан гэж боддог байсан.
-Тэгвэл багшаасаа үлгэр дууриал авсан байх?
-Багш маань их сайхан хүн бий. Одоо хүртэл сургалтдаа ашиглаж байгаа нэг зүйл бол хүүхдийг ном уншуулах. Хүүхдийн дотны нөхөр бол ном гэж багш маань ямар ч хичээл дээр хэлдэг байсан юм. Багш маань номыг хайрладаг, номыг шүтдэг хүн.
-Өмнө нь сургалтын менежер хийж байсан гэсэн. Багш байх, тэднийгээ удирдах хоёр ялгаатай байх?
-Сургалтын менежер хийж байхад багш нараасаа маш их туршлага хуримтлуулсан. Багш нар маань дөрвөн цагийн хичээлээ яаж боловсруулдаг, гарын доорхи материалаар ямар сайхан уран бүтээл хийдгийг харсан. Мөн давтлага конселтазыг үр дүнтэй зохион байгуулах, шалгалтын материалд дүгнэлт гаргаж түүн дээрээ тулгуурлан давтлагаа яаж өгдөг болохыг анзаарсан юм. Өөрөө багшилдаг байхад ангийнхантайгаа ажиллахаас цаашгүй, бусдын юу хийж байгааг мэдрэх сөхөөгүй, сурагчдаа хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байж.
-Таныг аймаг бүсийн багш нараасаа ур чадвараараа шалгарсан гэж дуулсан. Сурагчдыг жолоодоход юу чухал юм бол?
-Сурагчдаар өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэх нь хамгийн чухал юм. Одоо ч боловсролын салбарт багш бүх мэдлэгийг өгөх биш, удирдан чиглүүлэгчийн үүрэгтэй хичээлд оролцох ёстой. Мөн үнэлгээний зарчмыг өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, багш хүн өнгөцхөн хараад үнэлэх биш хүүхдийг өөрсдөөр нь үнэлүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.
-Сумын сургуульд хөдөөний хүүхдүүд их байдаг. Багийн хүүхдүүд гэрээсээ хол, аав ээжээ санах зэргээр янз бүрийн асуудал гарна. Тэдэнтэй ойлголцож харьцах нь багшийн бас нэг ур чадвар. Та тийм хүүхэдтэй хэр таарч байв?
-Хүүхдийн нүд рүү харахад бүх зүйл мэдрэгддэг. Түүний гэрт өчигдөр юу тохиолдож вэ, баяртай зүйл үү эсвэл гунигтай юу. Энэ хүүхдийн амьдрал хэр байгаа нь тэдний нүднээс илт, бас өдөр бүр өөр өөр байдаг. Хотын багш нарын дэргэд бид янз бүрийн төвшний хүүхдүүдтэй харьцана. Хотын хүүхдүүд соёлжчихсон, бүх мэдээлэлтэй байна. Тэгвэл сумынхан өөр. Тэдний зарим нь айлд амьдардаг, зарим нь дотуур байрт амьдардаг. Бүр 100 км-ийн холоос ирдэг хүүхдүүд ч бий. Энэ байдал зургаан настнуудад хэцүү. Дэвтэр дээр биччихдэг хүүхдүүд байхад дэвтэр мэддэггүй, бал харандаа барьж үзээгүй ч хэсэг бий. Тиймээс бага ангийн багш нар тэдний ээж, аав шиг л байх ёстой. Багш нар маань хоорондоо ярихдаа тэр хүүхдийн бие өвдчихлөө гэртээ хэвтүүлчихлээ гэхэд зарим нь дулаан хувцас нь гэрээс нь ирээгүй байна. Хүүхдийнхээ хувцасыг өгчихье гэх багш бий. Ойр зуурын хичээлийн хэрэглээ багш нараас байнга гарна. Хичээл дээр сурагчийн дэвтэр нь дүүрчихнэ. Бага ангийн багш нар ширээндээ дэвтэр бал гээд олон янзын хичээлийн хэрэглэл жоорлочихдог. Бараг л анги дэвшлээ гээд хүүхдүүдтэйгээ ижил хэрэглэл цуглуулж эхэлнэ шүү дээ.
-Багш мэргэжлээр арав гаруй жил ажиллачихлаа. Та шавь нарынхаа юугаар бахархдаг вэ. Зарим багш нар шавийнхаа амжилтаар бахархдаг гэдэг?
-Хамгийн анхны төгсөлт маань их сургуулийн гуравдугаар курсийн оюутнууд байна. Тэднийгээ уралдаан тэмцээн, олимпиадад түрүүлэхэд баярлалгүй яахав. Түүнээс гадна хүн болж төлөвшиж байгаад нь хамгийн их баярладаг. Ангийн маань 30 хүүхэд алдаа эндэгдэлгүй, хүн болж төлөвшиж байгааг харахад сайхан санагддаг.
-Таны нэг өдрийн хичээл хэрхэн үргэлжилдэг юм бол?
-Багш нар өглөө ирээд хичээлдээ бэлддэг. Манай багш нарын давуу тал нь багаар ажиллахыг эрхэмлэх болсон. Хүн бүр гэртээ дөрвөн цагийн консвект бичиж ирээд батлуулдаг байсан бол одоо өөр систем нэвтрүүлж байгаа. Багаараа ажилласнаар багш бүр нэг хичээлийг дааж аваад бэлдээд бусдадаа тараачихдаг. Ингэхээр ачааллаа хөнгөлөөд, дөрвөн цагийн хичээл бэлддэг байсан бол нэг цагийн чанартай хичээл бэлдээд ирэх жишээтэй. Энэ нь их авууштай зүйл. Тэгээд хичээлийнхээ хуваарийн дагуу хичээллэдэг дээ. Бага ангийн хүүхэд цагаан цайлган сэтгэлтэй, анги руугаа ороход хамаг муу юм арилчих шиг болдог. Хүүхдийн энерги сайхан. Тэр олон хүүхдийн гэнэн цайлган энергиэр бидний амьдрал, ажил үйлс өөдрөг явдаг гэж бодож явдаг.
-Танай сум аймгийнхаа хэмжээнд хамгийн том нь. Хөгжил сайтай ч юм. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит сургуулиараа бахархдаг болов уу?
-Манай сургууль Өвөрхангай аймгийн өвгөн түүхтэй анхны сургууль гэдгээрээ бахархаж явдаг. Мөн Халхын сайн ноён Т.Намнансүрэнгийн нэрэмжит сургууль. Тэр агуу хүний нэрээр овоглож байгаа болохоор багш ажилчид болон сурагчид маань хариуцлагатай байдаг. Энэ хүний нэрийг өндөрт өргөж явах ёстой. Тэр хүний нөмөр нөөлөг, энерги бидэнд ирдэг байх гэж шүтэж явдаг юм.
-Залуу хүн боловсролоо дээшлүүлэхийг хүсдэг байх. Цаашдын зорилго юу вэ?
-Ажлын туршлагатай болчихлоо. Харин сумандаа хэдэн сайн бага ангийн багш нар бэлдээд өгчих юмсан. Тэднийг арван жилд байхаас нь шалгаад бэлдүүлэх юмсан. Тэдэнд бага ангийн багшийн мэргэжлийн сайхан мэдрэмжийг толгойд нь хийж, сургуулиа хэдэн сайн багштай болгочих юмсан гэж боддог. Тэр л миний зорилго доо.
БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ ХҮҮХДИЙН СУРЛАГА, ТӨЛӨВШИЛӨӨР ҮНЭЛЭХ НЬ ЗӨВ
-Манай улс боловсролын салбарыг дэлхийн жишигт нийцүүлэхээр олон шинэчлэл хийж байгаа. Зургаан настнууд нэгдүгээр ангид ордог болсоор удаагүй байна. Хөдөөний багачууд хичээлдээ хэр дадаж байна?
-Би өнгөрсөн жил зургаан настнуудыг гардаж авсан. Найман настай хүүхэд, зургаан настай хүүхэд хоёр шал өөр. Сэтгэн бодох чадвар, хичээлд оролцож байгаа байдал ялгаатай. Ингэхээр багшаас өөр ур чадвар шаарддаг. Би багшийн сургуульд долоо, найман настай хүүхдийг яаж сургах тухай заалгасан. Гэтэл зургаан настнууд яг л ээж, эгч шиг байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тэд гэр бүлийнхэн шиг байвал сурах боломжтой. Зургаан настнуудын анхаарал хамгийн дээд тал нь 10 минут төвлөрдөг. Тэр хугацаанд багш нь яаж хичээлээ ойлгуулах вэ гэдэг нь чухал. Тэд аливаа зүйлийг хурдан тогтооно, харин маргааш нь мартчихсан ирдэг. Нэг зүйлийг нь олон дахин давтуулж хэлүүлдэг болохоор багшаас уйгагүй ажиллагаа шаардана. Бага ангийн багш нар бүтээлч уйгагүй байж л зургаан настангуудыг сургаж чадна.
-Манайх Кембрижийн сургалтад шилжиж байгаа. Боловсролын шинэчлэл та бүгдийн санал чухал шүү дээ?
-Кембрижийн тогтолцоонд шилжих нь зөв. Дэлхий нийттэй хөл нийлүүлэх ёстой. Харин алхамын хувьд хоцорч яваа. Боловсролын салбарыг сүлжээнд холбож, гарч байгаа тогтоол шийдвэр, өөрчлөлтүүдийн мэдээллийг цаг хугацаанд нь түгээдэг байвал багш нар зэрэг хөгжих боломжтой. Багш нараас сургагч багш бэлтгэдэг болсон нь сайн зүйл. Сургагч багш бусдадаа хичээл заах нь зовлон жаргалаа сайн ойлгодог, тэдэнд юу заахаа сайн мэдэрдэг.
-Сүүлийн үеийн багш нар мэдлэг, боловсрол дутуу гэж шүүмжлэх болжээ. Залуу багшийн хувьд тэдэнд үлгэрлэх, зөвлөх зүйл байдаг байх?
-Зөв бичгийн дүрмээ мэддэггүй, бичгийн хэв соёл муутай хүүхдүүд ирэх болжээ. Тэдний дунд харьцааны соёл муутай ч хэсэг байна. Бидний багшийн үед ахмад багш нарын туршлага хэрэгжүүлж байгаа гэдэг байсан. Энэ хэвшил одоо ч байхад зүгээр. Хуучин бүх зүйлээ хаях биш, хуучин бүхнээс хэрэгтэй зүйлийг авч үлдэх ёстой. Миний бодлоор багш болж байгаа хүүхдийг арван жилээс нь сонгох. Багш болох хүүхдийг багаас нь төлөвшүүлье. Мөн багш бэлтгэдэг сургууль хавар элсэлтийн шалгалтаа авах үед элсэгчдээ бүх талаар нь шалгадаг байя. Сүүлийн үед бага оноотой хэрнээ танил талаараа, эсвэл хувийн сургуульд сурчихаад ажиллаж байна. Ер нь багшийн сургуулийн босго оноог өндөр тавих ёстой. Багш хүн олон зуун хүүхдийн амьдралын хувь заяаг атгаж, амьдралд хөл тавиулж байгаа. Хүүхдүүд нийгэмд ямар хүн болж төлөвших вэ, эх орондоо юу хийж бүтээх юм, хувийн амьдралаа яаж авч явах юм гэдэг нь багш хүний гарт байдаг.
-Бага ангийн багш нарын цалин хангамж бусад багш нараасаа харьцангуй бага гэж гомдоллодог. Ялангуяа хөдөө сумдынх муу байдаг гэдэг?
-Багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд байна. Тэд бүгд айл гэрийг авч яваа. Авч байгаа цалин хангамж амьдралд нь хүрэлцдэггүй. Яахав, хэрэглээ, зарлага бага гардаг. Гэтэл цалин нэмэгдэх тусам амьдрал дордоод байгаа юм шиг ажиглагдах юм. Цалингийн нэмэгдлээс илүү хэрэглээний барааны үнэ өсчихдөг шүү дээ.
-Боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг хамгийн ихээр мэдэх хүмүүс багш нар. Салбарын тулгамдаж байгаа асуудлыг юу гэж харж байна?
-Сурагчид хүлээн авах чадвар маш муу болсон. Тэд хичээл хийхгүй, зурагт хараад л суух жишээтэй. Хүүхдүүдийн идэвх бидний үеэс шал өөр болсон. Тэдэнтэй ажиллах арга барил ч өөр болж. Бидэнд хэлдэг байсан үгийг одооны хүүхдүүдэд хэлээд хүлээж авахгүй. Мөн багш нарын тал дээр залуужих тусам багшлах ур чадвар муудаад байгааг олон нийт хэлдэг шүү дээ. Нөгөө талаар багш нарыг цаасаар дардаг болжээ. Тэдний бүх ажлыг цаасаар үнэлдэг. Үүнийг харин ч эсрэгээр нь хүүхдийн төлөвшил, сурлага хоёроор үнэлэх нь зөв юм. Энэ системд шилжих нь илүү өгөөжтэй юм болов уу гэж боддог. Олон хавтас цаас үзүүлсэн хүн сайн багш болох биш, хүүхдүүдийн сурлага, төлөвшил, хүмүүжил нь ажлын амжилт шүү дээ.