Э.СОЛОНГО
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн сарын 25-нд үүрэн холбооны операторуудад ярианы эхний минутыг секундээр тооцдог болгох хүсэлт тавьсан. Энэ талаар тус газраас Үүрэн холбооны компаниудын удирдлагтай хэд хэдэн удаа уулзсаны дүнд ярианы эхний минутыг секундээр тооцохоор болжээ. Мөн ирэх сарын 1-нээс дараа төлбөрт хэрэглэгчдийг барьцаа төлбөрөөс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон гэв. Хэрэглэгчдийн үйлчилгээний төлбөрөөс барьцаа төлбөрийг суутган тооцохоор болжээ. Мөн барьцаа төлбөргүй дараа төлбөрт үйлчилгээг нэвтрүүлж, эрсдэлгүй найдвартай гэж тооцсон хэрэглэгчээ барьцаа төлбөрөөс чөлөөлөхөөр тохиролцлоо. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн, үүрэн холбооны оператор компанийн удирдлагууд мэдээлэл өгөв.
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Р.Арвинцог: НАЙДВАРТАЙ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ БАРЬЦААГ БУЦААЖ ОЛГОНО
Ярианы эхний минутыг секундээр тооцох үйлчилгээг хугацаанд нь хэрэгжүүлэхээр ажиллана. Техник, хөрөнгө оруулалттай холбоотой учир энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнө шийдэх боломжгүй. Энэ ажлын хүрээнд манайх хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгээ шинэчилнэ. Мөн дараа төлбөрт үйлчилгээний барьцааг буцааж олгохоор тодорхой шаардлагуудыг тавина. Манайхаар олон жил үйлчлүүлсэн дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлсөн түүхэд судалгаа, шинжилгээ хийж, барьцаа мөнгийг буцааж олгоно. Цаашдаа барьцаа бага авах арга замыг хайж байгаа. Мөн дараа төлбөрт үйлчлэгчдийн лавлах 2200 тусгай дугаарыг нээлээ.
“Юнител” компанийн ерөнхий захирал Р.Ганболд: СЕКУНДЭЭР ТООЦСНООР ЭРСДЭЛ ҮҮРНЭ
Манай салбарт шударга өрсөлдөөн өрнөж ирсэн гэж боддог. Үйлчилгээний үнэ байнга буурч байсан. Бид төрийн байгууллагатай хамтран дахин шударга өрсөлдөөнийг бий болгох боломжийг нээлээ. Манай хэрэглэгчдээс хүссэн хүн бүр ярианы эхний минутаа секундээр тооцуулна. Хөрөнгө оруулалт, техник технологийн дэвшил, маркетингийн зардал, цалин хөлс бүх эрсдэлийг тооцож энэ шийдвэрт хүрсэн. Ярианы эхний минутыг секундээр тооцсоноор бид тодорхой хэмжээний эрсдэл үүрнэ. Бид банкнаас зээл авахын тулд барьцаа төлдөг. Тэгвэл дараа төлбөрт үйлчилгээ үүнээс ялгаагүй. Зээлийн үйлчилгээний барьцааг чөлөөлөх гэж байгаа учир банк хэрэгжүүлдэг шиг ажил хийнэ.
МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа: СЕКУНДЫН ТАРИФЫГ ТОГТООХООР БОЛСОН
Энэ оны гуравдугаар сарын 1-нд үүрэн холбооны дөрвөн оператор секундын алхамд зэрэг шилжинэ. Ингэхдээ бүх утас шилжихгүй. Өнөөдрийн байгаа тарифаар буюу багцын үйлчилгээгээр эсвэл хэрэглэгчийн өөрийн сонголтоор нэг секундын алхамд шилжих юм. Тэр үед нэг секундын тарифыг тогтоохоор операторууд төлөвлөж байна. Үүрэн холбооны эхний холболт өндөр төвшинд, олон дамжлагаар холбогддог. Тиймээс техникийн зардал өндөр байдаг.