Н.МӨНХЖИН
Иракийн Курдистаны эрх баригчид тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулах товыг зарлалаа хэмээн Reuters агентлаг уламжлав. Курдистаны ерөнхийлөгчийн туслах Масуд Барзанийн туслах Хемин Хаврамийн мэдэгдэж буйгаар бүх нийтийн санал асуулга 2017 оны есдүгээр сарын 25-нд болох ажээ.
Бүс нутгийн оршин суугчид Иракийн бүрэлдэхүүнд өргөн автономит эрхээ хадгалан үлдэх үү эсвэл бүрэн тусгаар тогтнох уу гэдгийг шийдэх хэрэгтэй болж байна. Курдын дарга, түшмэлүүдийн тайлбарлаж буйгаар бүх нийтийн санал асуулга явуулах газар нутгийн бүрэлдэхүүнд Киркук хот болон эргэн тойрны газар нутгийг оруулах аж. Одоогоор энэ газар нутгийг курд босогчдын Пешмерга хүчин хянаж байгаа. Гэвч Багдад энэ бүс нутгийг Иракийн Курдистаны газар нутаг гэж үздэггүй ажээ.
Иракийн Курдистан нь Иракийн бүрэлдэхүүнд бий болсон курдуудын төр улс юм. Үндсэн хуулийн дагуу тус бүс нутаг нь өргөн автономит эрх эдэлж байгаа ч үнэн хэрэгтээ хагас тусгаар тогтнолд хүрээд байгаа билээ. Ерөнхийлөгч Масуд Барзани тэргүүтэй Курдистаны Ардчилсан нам бүс нутгийг үндсэнд нь хянаж байна. Курдистаны лидерүүд бүрэн тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга явуулах талаар аль эртнээс санаархаж ирсэн юм. Харин Багдадын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцсэн хэвээр байна. Хэрэв Иракийн Курдистан Иракаас салж тусгаар улс болбол Турк, Сири, Иранд амьдардаг курд үндэстнүүдийн салан тусгаарлах үзлийг дэвэргэж, Ойрхи Дорнод дахь тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин