С.УЯНГА
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв. Ажлын хэсэг Монголбанкинд хоёр сар байрлаж ажилласан бөгөөд гурван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байна. Түүнчлэн шалгалтаар 0.85 хувийн хүүтэй зээлийг цөөнгүй аж ахуйн нэгжид олгосон, байгууллагын нууцыг төрийн нууцад хамруулахаар хууль давсан журам гарсан зэрэг цөөнгүй зөрчлийг ажлын хэсгийн хэлж санал дэвшүүлсэн юм. Зарим гишүүдийн байр суурийг Монголбанкны ерөнхийлөгчийн тайлбартай хүргэж байна.
Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан
-Ажлын хэсэгт мөнгөн гүйлгээ шилэн данс, санхүүгийг хэлцэл үр дүн, алдагдал, хяналтын зөвлөл зэрэг 10 зүйлийг хянаж шалгах чиглэл өгсөн. Монголбанкин дээр хоёр сар байрлаж ажилласан. Байгууллагын нууцыг төрийн нууц болгож маш олон асуудлыг нууцалсан байсан. Урамшуулал, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хөнгөлөлттэй зээл олгосон зүйлийг нууцлах шаардлагагүй. Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байжээ. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна. Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласан Н.Золжаргал гурван их наяд төгрөгийг татвар төлөгчдөөр төлүүлэх нөхцөл үүсгэсэн байна. Буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх саналыг Ажлын хэсгээс баримтаар дэвшүүлж байна гэлээ.
Б.Баттөмөр:
-Монголбанкны одоогийнх нь удирдлагууд дүгнэлттэй танилцаагүй гэж байна. Энэ хүмүүс танилцаагүй байхад үүнийг одоо ярих хэрэг байна уу.
М.Оюунчимэг:
-2012-2016 онд их хэмжээний мөнгө салхинд хийсгэсэн гэх яриа байдаг. Энэ үнэн үү, худал уу гэдгийг тогтоохын тулд шалгасан. Улс орны эдийн засгийг ноцтой байдалд оруулсан ийм зүйл дээр танай, манай нам гэж талцах ёсгүй. 2012-2016 онд Монголбанкны явуулж байсан үйл ажиллагаа нь Төвбанкны үйл ажиллагаанаас гадуур зүйл байсан. Тэрбум ам.долларыг Монголбанкны удирдлагууд жил бүр салхинд хийсгэсэн байна. Энэ нь өөрөө Н.Золжаргалд хариуцлага тооцох маш том жишээ юм. Интервенц хийлээ гээд валютын ханш буугаагүй, харин ч төгрөгийн ханш 83 хувиар суларсан. Энэ хариуцлагыг өмнөх удирдлагаар төлүүлэх ёстой. 0.89 хувийн хүүтэй зээл олгож байсан жишээ Монголбанкинд байна. Гэтэл зах зээл дээр зээлийн хүү 22-23 хувь байсан. Үүнийг улстөржүүлж болохгүй. Улс орны эдийн засгаар ингэж тоглож болохгүй гэдэг үүднээс энэ мэдээллийг өгч байгаа юм.
Б.Пүрэвдорж:
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхүүлээд МАН үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр улстөржиж байна. Жагсаалтаас харахад их л олон гишүүдийн хамаатан садангийн компани байна. 57 тэрбум төгрөгийг МАН-ын хамгийн том компани авсан байна. Хямдхан эх үүсвэртэй зээлийг дандаа МАН-ын гишүүд, ах дүү нарын компани авчихсан байх юм. Мэдээллийг ил болгоё.
Б.Ундармаа:
-Өнөөгийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал юунаас болов. 2012-2016 онд Монголбанкыг удирдаж байсан хүмүүс өөрийн эрх мэдлээ хэтрүүлж ашиглажээ.Валют арилжаанаас үүссэн алдагдлыг Төвбанкны ерөнхийлөгч хариуцах ёстой. Аливаа зүйлийг хаалттай, нууцын зэрэглэлтэй, цөөхөн хэмжээний банкыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байсан. Валютын ханш яаж өслөө. Үүнийг дагаад үнийн өсөлт маш ихээр нэмэгдсэн.
Д.Тэрбишдагва:
-Ноцтой зөрчил илэрсэн байна. Улс орны өнөөгийн байдал ийм хүнд болчихоод бид гаднаас бадарчлаад гаднын компанийн шахалтад ороод явж байна.Үүнд нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Шоронд суулгана гэж байгаа юм биш. Энэ бүхнээ ирээд яриад сууж байх хэрэгтэй. Монгол төрд гэмт хэрэг хийсэн хүн бол зугатаагаад алга болдог, хөрөнгөө гадагшаа дотогшоо зувчуулдаг байж болохгүй. Бид улстөржөөгүй. Улс орны эрх ашгийн төлөө буруу зөрүү алдаатай зүйлийг гаргаж ирээд ярьж байна. Монголчууд нэгдэж эдийн засгийн эрх ашгийн төлөө шударга явмаар байна.
Л.Болд:
-Төвбанкинд өнгөрсөн хугацаанд гарсан зөрчлүүдийг сонслоо. Үүнд одоогийн Монголбанкны удирдлагууд ямар байр суурьтай байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Аливаа төрийн байгууллагын жишиг байх ёстой. Тайлбар авах ёстой юм. Монголбанкинд гадна дотнын байгууллага хөндлөнгийн аудит хийсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарч ажилласан ажлын хэсэг бидэнтэй яриагүй. Энэ мэдээллийг манай хоёр дэд ерөнхийлөгч анх удаа сонсч байна. Би өнгөрсөн даваа гаригийн бүлгийн хурал дээр анх удаа шалгалтын дүнг сонссон. Тиймээс одоо яригдсан дүгнэлттэй холбоотой асуудал бүрийг нэгбүрчлэн ярихад төвөгтэй байна. Энэ дүгнэлтийг албан ёсоор авч танилцсаны дараа саналаа хэлмээр байгаа юм. Аль ч улсын Төвбанк хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг.Өөрөөр хэлбэл, Төвбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрх, банкны статус гэж бий. Энэ бүхнийг харгалзан үзэж Эдийн засгийн байнгын хороо шийдвэрээ гаргахыг хүсч байна.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон юм. Энэ хугацаанд Монголбанкны удирдлагууд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах юм байна. Ажлын хэсгээс дээрх зөрчлийг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх, Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийн арга хэмжээ авахыг даалгах, хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх, Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыг гаргажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин