Ч.ЗОТОЛ
Шадар сайд Д.Тэрбишдагва аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцлоо.

Энэхүү сургууль Архангай аймагт энэ сарын 15,16-ны өдрүүдэд зохиогдож гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагууд болон бүх сумдын удирдлагыг хамруулсан 600 орчим хүн оролцсон байна. Сургуулийн зорилго нь гамшгаас хамгаалах төрийн бодлого хөтөлбөрийг сурталчлах, аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэл хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэжээ. Мөн гамшгийн үед хор уршгийг арилгах, ард иргэд аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо хамтын ажиллагааг боловсронгуй болгоход зорьжээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцсон Шадар сайд “Өнөөдөр дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас хамаараад дэлхийн бүх улс оронд гамшиг осол ихээр гарч байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд л гэхэд гамшгаас үүдэн 799 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1200 хүн нас барсан гэсэн тоо байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд нэг төгрөг зарцуулбал, гамшгийн дараа арван төгрөг зарцуулахтай тэнцэх хөрөнгийг хэмнэнэ. Тиймээс бага зардлаар урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол хийж хэрэгжүүлэх болно. Манай улсын хувьд газар хөдлөлт, гал ус, ган зуд, малын гоц халдварт өвчин, цасан болон шороон шуурганы аюул гэх мэт байгалийн гамшиг ихээхэн гардаг. Архангай аймагт энэ удаагийн сургуулилтыг хийхийн тулд 14-20 хоногийн хугацаанд урьдчилан бэлтгэсэн. Мөн газар хөдлөлт болж байгаа онц хүнд үед олон хүн бэртэж, гэмтэж, машин тэрэг дэлбэрч сүйдсэн, барилга байшин нурсан үйл ажиллагаанд сургалтаа хийж үзүүллээ. Энэ удаагийн иж бүрэн сургалтаар онцгой нөхцөлд урьдчилан бэлтгэлтэй байж, бэлэн байдалд сахилга баттай хариуцлагатай ажиллахыг харуулж чадсан, гамшгийн үед хэрхэн ажиллах чиглэлээр мэдлэг туршлага олгосноороо чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо” хэмээн онцлов.